Путинийг АНУ-ын сонгуульд нөлөөлөх ажлыг удирдсан гэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын улс төрийн үйл явцад нөлөөлөх зорилгоор кампанит ажил зохион явуулах захирамжийг биечлэн өгчээ. АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны улсын мөрдөх товчоо, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн бэлтгэсэн илтгэлийн нийтэд танилцуулсан хувилбарт ингэж нотолсон байна.

Оросын эрх баригчид “ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампад илүү талтай байсан” гэж баримт бичгийг зохиогчид үзэж байна. “Путин болон оросын засгийн газар тухайлбал төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг муучлах замаар Трампын сонгогдох магадлалыг ихэсгэхээр санаархаж байв” гэж америкийн тусгай албадынхан үзэж байна.

Сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцох цар хүрээ ер бусын өргөн шинжтэй байсан бөгөөд ингэхдээ оросын тагнуулын албаныхан муж улсууд болон орон нутгийн түвшинд АНУ-ын сонгуулийн олон комиссын үйл ажиллагаанд нэвтрэх боломжтой байсан мэтээр илтгэл бичигчид нотолжээ.

Оросын удирдлагын залж чиглүүлж байсан гэх үйл ажиллагаанаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын дүнд үзүүлсэн нөлөөнд америкийн тагнуулын албад үнэлгээ өгөхийг оролдоогүй гэж илтгэлийн оршилд дурдсан байна. Кибер халдлага санал тоолоход нөлөөлөөгүй гэдгийг баримт бичиг үйлдэгчид хүлээн зөвшөөрчээ.

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп тагнуулын албадын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа хэлэхдээ, янз бүрийн орон, түүний дотор Орос, Хятад улс америкийн төрийн байгууллагууд руу кибер халдлага хийдгийг хүлээн зөвшөөрөөд, гэхдээ хакерууд сонгуулийн дүнд нөлөөлөөгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Оросын тал АНУ-ын сонгуулийн дүнд нөлөөлөхөөр санаархаж байсан гэх мэдэгдэл нь “дайсныг хайсан хэрэг юм” гэж тэр түрүүнд нь бас хэлж байсан юм.

Кибер халдлагын тухай нийтлэгдсэн баримтад Оросын ашиг сонирхолд хэрэгтэй зүйл огт байхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн билээ. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн явцад төвийг сахиж байсан бөгөөд “хэн өөрийнх нь талтай нэр дэвшигч болохыг хэзээ ч хэлж байгаагүй” гэж дурдсан байна.

Сонгуульд ялахад нь Трампад туслах зорилгоор ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцож байна гэж Оросыг АНУ удаа дараа буруутгаж байсан юм. Долдугаар сард оросын хакерууд Ардчилсан намын үндэсний хороо, түүний дотор тус намын конгрессын сонгуулийн хорооны серверт нэвтэрч байсан гэж америкийн эрх баригчдын төлөөлөгчид таамаглаж байжээ. Орос улс ийм арга хэрэглэн тооллогын машинуудад нэвтрэх замаар санал өгөх үйл явцад нөлөөлөхөөр санаархаж байсан байж болох юм хэмээн сэжиглэж байгаагаа ч бас илэрхийлж байжээ. Оросын тал энэ бүх зэмлэлийг байнга тууштай няцааж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ