Дэлхийг хураасан Монгол

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа “Seven summit”-д бүртгүүлсэн амжилтаар ганзагаа дүүргэн эх орондоо хүрэлцэн ирлээ.
Тэрээр Өмнөд туйлд очсон монголын ес дэх хүн, Антарктид тивийн Винсон Массиф /далайн төвшнөөс дээш 4897 метр/ оргилд Чилийн цагаар 2016 оны 12 дугаар 25-ны 19:15 цагт хөл тавьснаар тус оргилд гарсан анхны монгол эмэгтэй уулчин болж, хамгийн гол нь “Seven summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд гарсан анхны монгол уулчин болж байгаагаараа онцгой хүн юм. Энэ удаагийн аяллыг Б.Гангаамаа Оросуудтай хамтран хийсэн бөгөөд “Seven summit” клубийн ерөнхийлөгч ч тэдэнтэй хамт явжээ. Учир нь “Seven summit” клубийн ерөнхийлөгч бол Эврестэд 7, Винсон Массифт 15 дахь удаагаа гарсан туршлагатай нэгэн бөгөөд Эверест болон Винсон Массифт уулчдыг гаргахдаа өөрөө хамтявдаг аж.
Б.Гангаамаа оргилоос буусныхаа дараа гурав хоног унтсанаасаа болж зарим нэг төлөвлөгөөгөө алдсан ч, антарктидын бэлгэ тэмдэг оцон шувуутай дурсгалын патериа татуулахаа мартаагүй гэнэ.
Тамирчин маань ууланд авиралт хийхийн зэрэгцээ Антарктид тивд цаг уур, орчны судалгаа, цас, мөсний хэмжилт хийх зэрэг судлаачийн ажлыг давхар гүйцэтгээд иржээ. Антарктид тив нь мөсөн ангалаар дүүрэн учраас онгоц буух талбайг хүртэл онцгойлон засдаг байна. Мөн цас орсон ч хэзээ ч ус болохгүй учир тэнд агаар нь хуурай, өмнөд туйл 90 градусын өндөр дээр байрладаг зэрэг олон сонирхолтой зүйлийг ярьлаа.
Ууланд авирагчдын хувьд ивээн тэтгэгч байгууллагуудынхаа далбааг баримтжуулах бас нэг хариуцлагатай бөгөөд нэр төрийн ажил бий. Учир нь энэхүү спорт нь маш өндөр зардал шаарддаг тул ивээн тэтгэгч хамгийн чухал. Түүнд өнгөрсөн хугацаанд шантарч байсан нэгээхэн ч үе байгаагүй ч, мөнгө төгрөг, ивээн тэтгэгч олдохгүй үед гомдмоор санагддаг байснаа нуугаагүй юм.
Өнөөдөр хүрсэн энэхүү их амжилтаа тэрээр “Дэлхийг хураалаа” хэмээн тодорхойлж байлаа. Энэ талаар хэлсэн үгэндээ “Би товчоор “Дэлхийг хураалаа” гэж хэлмээр байна. Үнэндээ бүх тивийн бүх ноён оргилд гарсан амжилт байсан учраас би “Дэлхийг хураалаа” гэж ойлгож байна. 2011 онд Эверестэд гарсны дараа надад “Seven summit”-ыг хураах хүсэл төрсөн. Энэ бол урт хугацааны олон жилийн аялал байлаа. Гол нь энэхүү амжилтыг хийхийн тулд монголчуудын маань дэмжлэг их байсан. 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас олимпийн аваргуудтай болсны дараа гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Д.Сүрэнхорлоо нарын санаачлагаар би энэ хүслээ биелүүлсэн.” хэмээн ярьсан юм. Сэтгэл санаагаар байнга дэмжиж явдаг бүх монголчууддаа талархлын үгээ хэлснийг энэ дашрамд дамжуулан хүргэе.
Харин одоо “Дэлхийг хураасан” Монгол эмэгтэй спортод зориулсан амьдралынхаа 30-аад жилийг номын хуудаснаа хөрвүүлэн буулгах бичгийн үйлсэд ханцуй шамлан орохоор зэхэж буйгаа дуулгалаа.
ОУХМ Б.Гангаамаа уулынспортыг дунд сургуулийн сурагч байхдаа сонгосон ба анх төрсөн нутгийнхаа Очирваань хайрхандаа хөл тавьж байжээ. Ийнхүү 1989 оноос хойш өнөөг хүртэл уулын спортоор хичээллэж байгаа арвин туршлагатай тамирчны энэ амжилтаар бүх монголчууд бахархаж буй.
Ийнхүү түүний нэгэн адил уулын спортыг сонгож, амжилтын оргил өөд нэгэнтээ зорихоор шийдсэн хэн бүхэнд “Зорилгоосоо ухрахгүй байх нь чухал.Хүн бол жижиг. Уул бол өндөр. Өндрийн өндөр дээр чи гарчихлаа гэдэг магтаалыг сонсох сайхан байдаг.” гэсэн Дэлхийг хураасан Монгол эмэгтэй Б.Гангаамаагийн үгийг зориуллаа.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ