Хотын даргын ээлжит хүнлэг шийдвэр

Бид угаартаж үхлээ гээд бусдыг буруутгаж, бусдыг шүүж, бусдад л буруу өгсөөр ирлээ. Гэтэл энэ нь хоёр талтай асуудал. Галлагааны улиралд утаан дундаа амьдрахаас өөр замгүй болсон Улаанбаатарт хэн нэгэн хүний эрх өөр нэгний эрхээр хязгаарлагдахаа больжээ. Өөрөөр хэлбэл, миний эрх гээд гэр хорооллынхныхоо галыг нь унтрааж, хөөгөөд гаргах арга байхгүй. Тиймээс өчигдөр хатуухан ч гэлээ зайлшгүй шаардлагад нийцсэн оновчтой бөгөөд цаг үед нийцсэн захирамжийг хотын дарга гаргажээ. Үүнийг түүний гаргасан ээлжит хүнлэг шийдвэрээр нэрлэж байна. Өмнө нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийх нэг тэрбумын эх үүсвэрийг шийдсэнийг МАН эх барьснаас хойшхи анхны хүнлэг шийдвэр хэмээн тодорхойлж байсан юм.

Зоригтой гаргасан энэ шийдвэрийг зөрчихгүй дагах нь эрхээ мэддэг ч үүргээ ухамсарладаггүй зарим хэсэг бүлэгт хатуу сонсогдож буй нь лавтай. Гэвч энэ бол хотод байгаа яндан дээр яндан нэмж нийслэлийнхэнд хорын тунг нэмэх, тал нутгийн цэвэр агаараас хорт утаанд ирж эрүүл мэндээ хордуулах сөрөг явдлын эсрэг хийж буй хүнлэг үйлс гэж хэлж болно. Гагцхүү хариуцлагыг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Уг захирамж хэрэгжвэл Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжихээр харин ч яндангийн тоо эрс багасах нь тодорхой. Мөн автомашины оношилгоог чанаржуулж, шаардлагатай гэвэл Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч шаардлага тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглох аж. Ингэснээр мөн л түгжрэл багасах давуу талтай юм. Захирамжууд:

1. Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах: Улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.

2. “Агаарын чанарын өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдолын 4 бүсчлэлийг тогтоох: 1 дүгээр бүст орон сууц, байшин хороолол багтаж байна. Уг бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. 2-4 дүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн. Мөн агаарын бохирдолыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.

3. Хязгаарлалтын арга хэмжээ авах: Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм.

Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул хотын дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргажээ.

Энэ шийдвэр хэрэгжсэнээр өвчтэй хүмүүс олшрох нь гэж үзэх хүмүүс гарч эхэлжээ. Уг захирамж гараагүй байхад ч хүнд өвчтөнүүдээ хот хүлээн авч л байсан. Мөн татвар авсан нь дээр гэж хэлэлцэж байна. Тэгвэл төв бараадах иргэд ам тосдож байсан амины хэдэн малаа арилжаад л ирдэг байсан. Хэдэн төгрөгийг нь төлөөд л суурьшихад асуудал хэвээр үргэлжилнэ, ахиц гарахгүй. Энэ мэтчилэн олон санал гарах л байх. Эсэргүүцэл ч ирэх нь тодорхой. Аливаа зүйл хоёр талтай, алдаа оноотой зүйл ч бий нь мэдээж. Гэхдээ энэ шийдвэрийг зовлонг нь мэдэрсэн хотын иргэд илүүтэй таашаах байх.

Мөн захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг зогсоохоор болсон.

Хатуу ч гэлээ дээрх шийдвэрүүд хэн хэнд нь хэрэгтэй, хэрэгжих боломжтой. Энэхүү захирамжийг гаргахдаа урин дулаан төдийгүй хүйтний улиралд ч бүх нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр гаргасан гэж байгаа. Тиймээс хүнээ бодсон энэ асуудалд хүлээцтэй хандаж, үр дүнг нь үзээд алдахад яагаад болохгүй гэж?!

Ямартай ч хэн юу гэх бол гэж хэл амнаас эмээлгүйгээр хүнээ бодож, хатуухан шийдвэр гаргасан хотын даргын зоригийг үнэлье.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ