Дэлхийн хамгийн зартай одой хүн - Чарльз Страттон

Бие багатай ч, Чарльз Страттон тухайн үедээ маш их нэрд гарч, түүний тухай Америк, Европ, Ази тивээр нэг шагшин ярьцгаадаг байжээ. Тэрээр баян, нэр цуутай, авъяастай нэгэн байсан бөгөөд хүмүүс түүнийг хайрлаж, сонинуудад түүний тухай зөндөө бичдэг байсан байна. Хүмүүсийн чин сэтгэлийн хайрыг татахын тулд өндөр нуруутай, бие бялдар сайтай байх албагүйг Чарльз өөрийн жишээгээр харуулжээ.

Чарльз Шервуд Страттон түүхэнд хамгийн нэртэй одой хүн юм. Тэрээр 1838 оны нэгдүгээр сарын 4-нд Коннектикут муж улсын Брижпортхотод төржээ. Түүний эцэг, эх ердийн л нуруу туруутай улс байсан ч, харин Чарльз төрөхдөө 4,5 килограмм жинтэй том хүүхэд байжээ. Гэвч зургаан сартай байхдаа тэр гэнэт өсөхөө больсон байна. Тэгээд дөрвөн ой хүрэхдээ мөн л 6 сартайнх шигээ байжээ.

Дэлхийд нэртэй “Барнаум, Бейлигийн цирк”-ийг үндэслэгч Финеас Тейлор Барнаум Чарльзыг дөрвөн ой хүрсэн үед нь олжээ. Барнум хүүхдийн эцэгтэй гэрээ байгуулснаар, Чарльзыг өөр дээрээ авч, тоглолтын бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байна. Бяцхан хүүд дуулах, дуугүй бүжиглэх хичээл зааж,нэртэй хүмүүсийг дуурайхад сургажээ. Жаахан биетэй хэдий ч Чарльз маш авъяаслаг хүүхэд байсан бөгөөд тун удалгүй Нью-Йоркт олны өмнө тоглох болсон байна.

Ердөө нэг жилийн дараа Чарльзыгтаван нас хүрэхэд Барнаум түүнийг Европоор аялан тоглохдоо авч явжээ. Цирк Европын орнуудаар аялан тоглож, агшин зуур их нэрд гарсан байна. Харин Чарльзяг тэр үед Генерал Том-Там (Tom Thumb “Хуруун чинээ Том хүү”) гэсэн тайзны нэр хэдийнэ авчээ. Тийнхүү Генерал Том-Там циркийн гол од болсон байна. Жаал хүүхатан хаан Викториягийн өмнө тоглож, сүүлд нь Парисын Водевиль театрт өөрийн үзүүлбэрүүдийг үзүүлж байжээ. Шилдэг тайзууд, нэр цуутай үзэгчид гээд, ерөөс гайхалтай амжилтад хүрсэн байна.

Хүү Европ даяар нэр алдартай болж, Европ төдийгүй, Америкаар, тэр ч байтугай Япон орноор аялан тоглож байжээ. Генерал Том-Там дэлхийн хэмжээний жинхэнэ нэр цуутай хүн болсон байна. 18 нас хүрэхдээ тэр бага зэрэг өсч, бараг 90 сантиметр өндөр болжээ. Нэр алдар Чарльзад багагүй мөнгө авчирч, эцсийн бүлэгт тэр маш их баяжсан учиртүүний хуучин эзэн Барнаумыг дампуурахад, Генерал Том-Там түүнтэй гэрээ байгуулж, түүнийг өөрийн ажил төрлийн түнш болгосноор бүрэн дампуурахаас аварсан байна.

Чарльз 25 нас хүрэхдээ мөн өөртэйгээ адил одой хөөрхөн бүсгүй Лавиния Варрентай гэрлэжээ. Тэд Нью-Йоркийн нэг сүмд гэрлэж, Метрополитен зочид буудалд нижгэр хурим хийсэн байна. Энэ үйл явдлын тухай бүх сонин бичиж, энэ тухай мэдээг эхний нүүрэндээ тавьж байжээ. Шинээр гэр бүл бологсодыг ерөнхийлөгч Линкольн Цагаан ордонд хүлээн авсан байна.

Чарльз гэргийнхээ хамт Европ, Азиар аялан тоглосоор байжээ. 40 гарсан хойно түүний өндөр нь 102 сантиметр болсон байна. Нэг л мэдэхэд тэр элдэв тоглолт хийхээ болихоор шийдэж, гэргийнхээ хамт Америкт суурьшжээ. Генерал Том-Там Массачусетс муж улс дахь гэртээ 45 настайдаа зүрхний шигдээсээр нас барсан байна. Түүний оршуулгад олон арван мянган хүн иржээ. Гэргий Лавиниянь түүнээс хойш 35 жилийн дараа өнгөрсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ