Шинжлэх ухааны салбарт тулгамдаж буй асуудлуудаас...

Шинжлэх ухаан, технологийн тухай хууль болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан цаашид шинжлэх ухааны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг тус байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан тус ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2017.01.09/ шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүрээлэнгүүдийн удирдлага, эрдэмтэдтэй уулзан санал солилцлоо.

Улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт 1726 хүн ажиллаж байгаагийн 882 нь ШУА-ийн хүрээлэнгүүдэд ажиллаж байна. 2017 оны төсөвт эрдэм шинжилгээний зардалд 1.2 тэрбум, хөрөнгө оруулалтад зориулан 2 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Шинжлэх ухааны академийн 10 хүрээлэнгийн 6 нь байгалийн шинжлэх ухааны, 4 нь нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Түүх, археологийн чиглэлийн үйл ажиллагаа дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг эрдэмтэд хэлж байна. Палентологийн шинжлэх ухааны ололтоор манай улс дэлхийн шилдэг 3 орны тоонд багтжээ.

Уулзалтын үеэр дурдсан асуудлуудаас дурдвал:

-2015 оны эхээр хүрээлэнгүүдийг эрдэмтэд судлаачдын саналыг асуулгүй нийлүүлэх шийдвэр гаргасан гээд энэ ньхүрээлэнгүүдийн үйл ажиллагаанд таагүй нөлөө үзүүлсэн.

-2016 оны тавдугаар сард Палентологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэх шийдвэр гарч, тэнд ажиллаж буй 40 гаруй ажилтныг хэрхэх асуудал тулгараад байна.

-Эрдэм шинжилгээний салбарт ажиллагсдын цалин 2009 оноос хойш огт нэмэгдээгүйгээс гадаадад сургууль төгсч ирсэн, мэдлэг чадвартай залуусыг тогтооход хүндрэлтэй. Энэ салбарын ажилтнуудын дундаж цалин 670 орчим мянган төгрөг байгаа юм байна.

-Хүрээлэнгүүдийн удирдлагууд төрөөс эрдэм шинжилгээний байгууллагуудыг бодлогоор дэмжих нь чухал байна.

-Эрдэмтэд оюуны өмчийг үнэлдэг хуулийн зохицуулалт дутагдаж байна.

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, татварын бодлогоор дэмжих,

-Эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-Хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна.

-Орон нутгийн төсвөөс шинжлэх ухааны салбарыг санхүүжүүлэх хувийг тодорхой болгох,

-Үйл ажиллагаа нь унтраад байгаа шинжлэх ухаан, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай.

-Паркуудын үйл ажиллагаа доголдсоноос болоод лабораторид гаргаж ирсэн нээлт, мэдлэг, инноваци үйлдвэрлэлд нэвтэрч чадалгүй үр дүнгүй болж өнгөрөөд байна.

Тийнхүү уулзалтад оролцсон эрдэмтэд хөдөө аж ахуйн салбарын хөгжил, суурь шинжлэх ухааны хөгжил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн хэлэлцүүлгийг энэ сарын 24-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Дээрх санал хүсэлт болон нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт зөвлөмжийг нэгтгэн ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлж, Байнгын хороонд танилцуулан, шаардлагатай бол холбогдох шийдвэрийг гаргуулах юм байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ