Орон сууцны ҮНЭ 4.32 хувиар буурчээ
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн тооцоолон гаргасан “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны 2016 оны 12-р сарын үр дүнг олон нийтэд танилцууллаа.
Энэхүү судалгааг хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, болон хуучин5047 орон сууцны мэдээллийг хамруулжээ. Тус судалгаагаар, өнгөрсөн 12-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар өссөн үр дүн юм. Харин орон сууцны ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 12-р сарын үр дүнтэй харьцуулахад 4,32 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн ч, хуучин орон сууцны үнэ (түүврийн дийлэнх хэсэг нь хуучин орон сууц) бага зэрэг буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ.
ШИНЭ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар буурсанбайна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,98 хувиар буурсан хэвээр байна.
Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн “Аман хуур” хотхонд 2015 оны 12 дугаар сард 1 м2-ын дундаж үнэ 1,880,000 төгрөг байсан бол 2016 оны 12 дугаар сарын байдлаар 1,711,000 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.0%-иар буурсан байна. Мөн Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
ХУУЧИН орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан үзүүлэлт юм. Иргэдийн хувьд хоёр өрөө байр худалдан авах нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангүй их байна. Хуучинөрөө байрны дундаж үнэ нь 2016 оны 12 дугаар сарын байдлаар 74,081,000 төгрөг болж өмнөх сараас 0.3 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.8 хувиар тус тус буурсан дүн гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ