Үндсэн шийтгэлийг давхардуулж ногдуулахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-аас өнгөрсөн онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн баталсан ч зөрчил гаргасан этгээдэд ногдуулах зарим үндсэн шийтгэл давхардаж оногдохоор болсон нь зөрчил үүсгээд байсан юм. Эл зөрчлийг арилгахын тулд Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, төслийг өргөн мэдүүлсэн.

УИХ-аас дээрх хуулийг баталсан нөхцөлд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна гэж давхардсан хариуцлага хүлээлгэхээр байсан нь цуцлагдаж, зөвхөн нэг л шийтгэлийг хүлээлгэхээр болж, өөрчлөгдөх юм.

Мөн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ