Таван нэр дэвшигчийн тавилан нэг юм даа

АН-ын эвийн сум атгасан таван нэр дэвшигч эвтэй байж чадахгүй байна гэж баалсан, замын дундаас тохироо хийж сунгааг орхих нэр дэвшигч ч байгаа гэж таасан яриа олны дунд нэлээд явлаа. Тэгвэл энэ бүхэнд таван нэр дэвшигч нэгэнтээ цэг тавьсан хариултыг өгчээ. Тэгээд ч нэг төр, нэг намын төлөө нэгэнтээ нэгдсэн тэдний тавилан ч нэг гэдгийг хэн хүнгүй ойлгох цаг болсон. Тиймээс зөвхөн нэг хүний талд хэт туйлширч, хооронд нь хагаралдуулах элдэв үйлдэл нь ганц өрсөлдөгчид нь бус намын гишүүдийн эв нэгдэлд ч харшилж, энэ намыг элдэвлэх таатай боломжийг бусдад олгож болно. Тэд нэг л жолооны үзүүрээс атгасан. Тиймээс эвтэй байх ньнийтийн эрх ашигт ч, АН-ын эрх ашигт ч нийцэх учиртай. Цаашлаад энэ тавын эв нэгдэл улс оронд ч хэрэгтэй. Тэдний найрсаг харилцаа намын оршин тогтнолд чухал ач холбогдолтой бөгөөд энэ эрч нь 2020 оны сонгуульд ялалт байгуулах үндэс суурь нь болно. Бат бөх суурьтай намын ялалтаас энэ таван нэр дэвшигч бүүхэл намын хэдэн арван гишүүд парламентад ч, гүйцэтгэх засаглалд ч хүчин зүтгэх боломж бий болно. Тиймээс АН эв нэгдэлтэйгээр шинэчлэгдэх ёстой. Энэ тухайгаа ч нэр дэвшигчид өөрсдөө илэрхийлсэн. Ингэх нь амжилтын их суурь гэдгийг ч тэд олж харсан бололтой.
Н.Алтанхуяг “Бид эвлэвэл бүтдэг гэдгийг харуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Намын даргаа бүх гишүүдээсээ сонгоно гэдэг бол Монголын улс төрд болж байгаа маш том шинэчлэл.”
Ж.Батзандан “Намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэр татах хугацаа дууссан. Анхнаасаа нэрээ татах бодолтой нэг ч хүн бидний дунд байгаагүй. Бидний таван нэр дэвшигчид дунд нэрээ татдаг, гишүүд дэмжигчиддээ амалсан амлалтаасаа ухардаг хүн байхгүй.”
Д.Эрдэнэбат “Олон хүмүүс хэн нэг нь нэрээ татах байх гэж янз бүрийн таамаг дэвшүүлж байсан. Бид тав өрсөлдөгч гэхээсээ илүү энэ намын шинэчлэлийн төлөө, эв нэгдлийн төлөө хамтарч яваа хүмүүс. Бид тав тавуулаа энэ төрийн төлөө, намын төлөө ажиллаж байгаа хүмүүс шүү.”
С.Эрдэнэ “Үндэсний хэмжээний энэ том намыг авч явах өрсөлдөөнд оролцож байгаа хүн замын дундаас буцна гэж байхгүй. Намын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа бусад нөхдөө би өрсөлдөгч биш хамтрагч маань гэж харж байгаа. Биднийг хагаралдуулах гэсэн оролдлого гарч байна. Гэхдээ бид тухайн асуудлын талаар дор бүрнээ ярилцаж, эвээ эрхэмлэж яваа.”
Л.Гантөмөр “Нэр дэвшээд явж байгаа таван хүн тавуулаа цаашдаа Монголоо хөгжүүлэх өөр өөрийн гэсэн хөтөлбөртэй. Бидний дэвшүүлж байгаа хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж чадвал Монголын ардчилал урагшаа явна.”
Тэдний энд хэлсэн товч бөгөөд тодорхой байр суурь нь эв нэгдлийг эрхэмлэх зарчмыг баримталж байгааг харуулж байна. Ер нь нэг намын эв нэгдэл юунд ашигтай вэ?
Төрдөө эв нэгдэлтэй, түмэндээ итгэлтэй, нам нь шинэчлэлтэй, зөв гольдролтой явбал аливаа нам, эвсэл сонгуульд ялалт байгуулж, төрөө төвхнүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах их хүчийг бүрдүүлж чадна. Тиймээс АН-ын эв нэгдлийн сумтай таван нэр дэвшигч эвийг эрхэмлэвээс тавуулаа бус тавиулаа, таван зуугуулаа улс орноо хөгжүүлэх их аянд дөрөө харшуулан давхих боломж буй. Харин хагаралдан бутарч, таван тийш салаалваас тавуулаа л гудамжин дахь үзэгчийн суудалд шилжих болно. Тэгэхээр таван нэр дэвшигчийн тавилан нэгэнт холбогдсон цагт эвт шаазгай буга барихын үлгэрийг энэ цаг мөчид үзүүлэх чухал хариуцлага тэдний өмнө байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ