Танилц: Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ удирдлагууд

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах зөвлөл 2017 оны 01-р сарын 05, 06-ны өдрүүдэд хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

МЧБХ-ны УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдож, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо

Монголын чөлөөт бөхийн холбооны УЗ-ийн даргад нэр дэвшсэн 3 нэр дэвшигчийн материалыг үзэж танилцсан УЗ-ийн гишүүд УЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг сонголоо. Д.Сумъяабазар нь 1974 оны 01-р сарын 07-ны өдөр УБ хотод төрсөн. Чөлөөт бөхийн ОУХМ. Чөлөөт бөхийн спортоор ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор 1988 оноос хойш хичээллэсэн. 1996, 2000 оны олимпийн наадамд оролцсон. Атланта-96 олимпийн наадмын Монголын багийн тугч. 1997 оны Зүүн Азийн наадмын аварга, 1998 оны Бангкогийн Азийн наадмын мөнгөн медальт. Монгол үндэсний бөхийн Аварга цолтой. Тэрээр 2003-2006 онуудад “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006 – 2013 онуудад Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009-2017 онуудад Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан. 2013, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Буяндэлгэрийн Батбаяр нь 1976 оны 12-р сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Чөлөөт Бөхийн ОУХМ. 1988 оноос ОУХМ Н.Ганбаатарын удирдлаган дор чөлөөт бөхөөр хичээллэж, 1997-2004 онуудад ҮШБ-т тамирчин, 2006-2008 онуудад Аварга Алтай клубт дасгалжуулагч, 2008-2009 онд Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, 2009-2012 онд үндэсний шигшээ багт дасгалжуулагч, 2013-2016 онуудад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ҮШБ-н ахлах дасгалжуулагчаар ажилласан. Залуучуудын болон насанд хүрэгчдийн улсын 4 удаагийн аварга. Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт. 2014 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдсан.

Мөн холбооны зөвлөлүүдийг байгуулж, ДАШТ, тивийн болонолимпийн наадамд тамирчин сонгон шалгаруулах журмыг баталлаа.

МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн зөвлөл,байгуулав

МЧБХ шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд мэргэжлийн зөвлөлийг татан буулгаж, сургалт дасгалжуулалт, техникийн зөвлөлийг байгууллаа. Энэхүү зөвлөл нь чөлөөт бөхийн сургалт дасгалжуулалтын төлөвлөлтийгонол, аргазүйд үндэслэн насны ангилал тус бүрээртөлөвлөж, багш дасгалжуулагчид, шүүгчдийн сургалт семинар, магадлан итгэмжлэлийг зохион явуулах, үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг хийх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна.

Зөвлөлийн даргаар чөлөөт бөхийн ОУХМ, МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Ло.Энхбаяр, гишүүдээр МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, МУ-ын гавьяат тамирчин, МЧБХ-ны УЗ-ийн гишүүн Б.Болд, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, гавьяат дасгалжуулагч Л.Ням, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нар томилогдлоо.

МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийг шинэчлэн баталлаа

МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийг шинэчлэн баталж зөвлөлийн 7 гишүүнийг томиллоо. ОУШүүгч Ц.Сэрээтэрийг шүүгчдийн зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, ОУ-ын шүүгч Ц.Цэрэнхүүг томиллоо. Мөн зөвлөлийн гишүүдээр ОУ-ын шүүгч Ц.Сэрээтэр, ОУ-ын шүүгч Х.Ганболд, ОУ-ын шүүгч Л.Болормаа, ОУ-ын шүүгч Ю.Батсайхан, ОУ-ын шүүгч Х.Чойжилжав, ОУ-ын шүүгч Л.Нямчулуун нар томилогдлоо.

Техникийн албыг шинээр байгуулав

МЧБХ шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд техникийн алба шинээр байгууллаа. Тэмцээний зохион байгуулалт, холбооноос зохион байгуулах арга хэмжээний үеэр ажиллах уг албаны даргаар Х.Ганболдыг томиллоо. Х.Ганболд нь чөлөөт бөхийн ОУХМ, олон улсын шүүгч бөгөөд холбооны техникийн менежерээр ажиллаж байсан юм.

МЧБХ-ны ДАШТ, тивийн болонолимпийн наадамд тамирчин сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн батлав

Жил бүрийн ДАШТ, тивийн болон олимпийн наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах журмыг баталлаа.Монгол улсын АШТ-ий нэр хүнд, ач холбогдол, үнэлэмжийг дээшлүүлэх, тамирчдын шударга өрсөлдөөнийг хангах, байнгын бэлтгэлжилттэй тамирчдыг бэлтгэх, ДАШТ-нд оролцох баг тамирчдыг тодруулах зорилготой уг журам хэрэгжсэнээр тамирчид УАШТ, олон улсын Гран-при болон А зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа оноо авч, улмаар хамгийн өндөр оноотой 5 тамирчин ДАШТ эхлэхээс 60 хоногийн өмнө сонгон шалгаруулах тэмцээний урьдчилсан тойргын барилдаанд оролцох эрх авна. Урьдчилсан тойргийн барилдаанаас шалгарсан бѳх тухайн жингийн улсын аварга болсон тамирчин хоорондоо халз барилдаж, хэн түрүүлж 2 удаа ялсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд оролцох эрхээ авна. Улсын аварга тамирчин тухайн жингийнхээ тивийн АШТ-д заавал ороцож байж сонгон шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд оролцох эрхээ баталгаажуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ