Краны суманд хүн дарагдаж нас барсан хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Г-г 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн "Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг жинтэй лист төмрийг Л.Б-р зөөлгөж авчруулан, С.Т-н 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар шилжүүлэн буулгуулахдаа аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, журам сахин биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буруутайд тооцжээ.
Л.Б нь автомашины тэвш кабины завсар зогсож байгаад өргөгч краны суманд дарагдаж нас барсан юм.
Шүүгдэгч С.Т-г өөрийн кранистийн үнэмлэхийг сунгуулаагүй, 48-61 УБА улсын дугаартай Камаз маркийн автомашиныг үзлэг оношилгоонд оруулж магадлуулан техникийн бичиг баримт, бүрэн бүтэн байдлыг хангаагүй байхдаа буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Г-н "Жагоб” ХХК-ийн хашаанд нэг бүр нь 920 кг-ийн жинтэй лист төмрийг 48-61 УБА улсын дугаартай өргөгч кранаар өргөж шилжүүлэн буулгахдаа "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн заалтууд, мөн Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн заалтуудыг зөрчин өөрийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, оосорлогч, дохиочингүй очиж, ачааг өргөж шилжүүлэн буулгах үйлдэл хийсний улмаас краны хүрдэнд хүчний ачаалал ирж, хүрдний боолтууд тасарч, шланз автомашины тэвш, кабины завсар зогсож байсан жолооч Л.Б нь С.Т-н краны суманд дарагдаж нас барсан байна. Түүнийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулаагүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар Ж.Г-г тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ