Хулгай, дээрмийн хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

ПРИУС АВТОМАШИНЫ ЭД АНГИ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны зогсоолд байсан автомашины цонхыг хагалан хулгай хийсэн этгээдийг үйлдэл дээр нь барьжээ. Тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О “MP-5” хөгжим болон бусад эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Мөн өнгөрөгч шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Буянт-Ухаа-2” хорооллын гадаах зогсоолд байсан “Toyota рrius-20” автомашины иж бүрэн баттерейг Чингэлтэй дүүгийн 17 дугаар хороонд оршин суух хаягтай 28 настай, эрэгтэй У бусадтай бүлэглэн хулгайлсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Цагдаагийн байгууллагаас приус маркын автомашины зай хураагуур хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион явуулж байна. Шинэ он гарсаар тухайн гэмт хэргийг бүлэг зохион байгуулалттайгаар үйлддэг С, Э, Т, Б, Б, Т нарыг олж тогтоон шалгахад нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 21 удаагийн үйлдлээр приус маркын автомашины иж бүрэн зай, их гэрэл зэргийг хулгайлан, зарж борлуулсныг тогтоогоод байгаа юм.
Уг этгээдүүд нь захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч хэлбэрээр гэмт хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлддэг, тодорхой хэсэг нь приус автомашины засварын газар ажилладаг байсан нь шалгалтаар илэрсэн.
Иргэд та бүхнийг өөрсдийн өмч хөрөнгийг хамгаалж, аливаа гэмт хэрэгт өртөхгүй байхад анхаарч, харуул хамгаалалттай газар машинаа байрлуулах, дохиолол хамгаалалтын систем суурилуулах шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЛОМБАРД ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН, ШАЛГАЖ БАЙНА
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/ дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тус барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан 30 настай, эмэгтэй Г-г ажлаа хийж байхад нь үл таних гурван этгээд зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган, сүрдүүлж бэлэн мөнгө, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдэн авч явсныг шуурхай илрүүлжээ.
Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат Ц нарын гурван этгээд үйлдсэн болохыг тогтоон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 15 сая төгрөг гэж тогтоогоод байгаа аж.
Иймд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг чанарын шаардлага хангасан камержуулалтын систем суурилуулах, тогтмол харуул хамгаалалттай болох, цагдаагийн байгууллагатай уялдаа холбоотой ажиллах зэргээр болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
147 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ