Ж.Батбаясгалан: Утааг судлахгүй. Ураг эндэхээс илүү хортой үр дагавар гэж байхгүй

Нийслэлийн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хор учруулах хэмжээнээс даруй 10 ихэсч, Улаанбаатар өнөөдөр дэлхийн хамгийн өндөр бохирдолтой хот болсныг гадаад, дотоодгүй зарлаад буй. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс агаарын бохирдол гамшиг болсныг хүлээн зөвшөөрч, онц байдал зарлалаа. Улаанбаатар амьдрахад аюултай хот болсон хэмээн төрийн тэргүүн нь мэдэгдээд байгаа энэ үед толгой өвтгөсөн энэ асуудлыг гардан ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа. 1,4 сая хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хариуцаж яваагийн хувьд нийслэл цаашид утаа хэмээх дайсантайгаа хэрхэн яаж, тэмцэхийг тэрээр ийн тайлбарлалаа.

-Таны ажлын ширээн дээр нэлээд бичиг цаас байна. Үүний яг хэдэн хувь нь агаарын бохирдолтой холбоотой бичиг баримт байна вэ?

-Би уулзалт, хурал цуглаанаас бусад үед өрөөндөө сууж иргэдээ хүлээн авч, аль болох ярилцаж, шинэ шийдэл, санаа оноог нь хүлээн авахыг боддог. Миний ажлын ширээ, цонхны тавцангаар дүүрэн бичиг цаас байгааг та анзаарчээ. Гэхдээ ганцхан агаарын бохирдолтой холбоотой бичиг баримтууд биш л дээ. Нэгэнт бохирдчихоод байгаа агаар, ус, хөрсөө яаж аврах вэ, цаашдаа бүр дордуулахгүйн тулд юу хийх ёстой вэ гэдгийг л энэ олон бичиг цаас, санаа шийдлүүдээс нэгтгэж гаргах гээд сууж байна.

-Энэ олон бичиг цаасны дундаас ядаж нэг дорвитой, зөв шийдэл гарч байгаа гэж найдаж байна?

-Гурав хоногийн өмнө Нийслэлийн Засаг дарга гурван захирамж гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Агаарын бохирдол бол хяналтгүй, эмх замбараагүй шилжилт хөдөлгөөн буюу хүн амын механик өсөлтөөс үүдэлтэй. Улаанбаатар хотод албан бус тоогоор 1.8 сая хүн амьдарч байна. Үүнээс албан ёсны бүртгэл, зөвшөөрөлтэй 1.4 сая хүн байнга оршин суудаг. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хүн амаа хангах төрийн үүргээ биелүүлэхийн тулд зоригтой шийдвэр гаргалаа. Тодорхой хязгаарлалт тавьсан. Энэ хязгаарлалтын гол агуулга нь утаа гаргадаг яндан нэмэхгүй байя гэдэг санаа. Зарим хүн буруугаар ойлгож, хүний эрх зөрчиж, амьдрах газрыг хязгаарлалаа гэж байна. Үгүй ээ, тийм зүйл огт байхгүй. Та хаана ч амьдарч болно. Харин та хотод амьдрах гэж байгаа бол яндангүй бай гэдгийг л хатуу анхааруулж байгаа. Энэ магадгүй зарим хэсэгт таалагдахгүй байж мэднэ. Гэхдээ үүнээс өөр гарц гаргалгаа байхгүй гэдгийг хотын иргэд хүлээн зөвшөөрсөн. Ер нь, нийслэлийн иргэд бид хариуцлагагүй, ухамсаргүй байсныхаа горыг эдэлж байна гэхэд хилсдэхгүй.

-Гэхдээ өнөөдөр нийслэлд цахилгаан халаагуур авах санхүүгийн чадвартай айл өрх цөөхөн байна. Хоногийн талхаа яая гэж байгаа олон мянган айл өрхийг яаж нүүрс түлэхийг нь зогсоох вэ?

-Утаа гаргахгүй амьдрах боломж нөхцөлөөр нийслэлээс дэмжье гэж байна. Ядаж шөнийн хэрэглээний цахилгааны мөнгийг нь төрөөс даая, цахилгаан халаагуур хэрэглэвэл үнэ өртгийг нь хөнгөлье, урамшуулал олгое. Татвар татаасыг нь чөлөөлье, урт хугацаанд зээлээр авах боломж бүрдүүлье гээд боломжит бүх хувилбарыг санал болгож байгаа. Харин та энэ бүхний хариуд утаа гаргахгүй байх хариуцлага хүлээнэ. Ийм зарчмаар шийдэж болно. Эрүүл аюулгүй орчинд амьдрах нь хаана амьдрахаа сонгох эрхээс илүү эрхэм шүү дээ.

“Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ны жагсаалын дараа маш олон гомдол, санал ирж байна. Ард иргэд яг үнэндээ цөхрөнгөө барж, бүр сүүлдээ ийм хотод амьдарч буйдаа гутарч байна гэж хэлж байна. Иргэд ингэж цөхрөнгөө барж байхад “Танайх хотод ирээд яндангаасаа утаа гаргаад, зөвшөөрөлгүй газар буугаад, агаар хөрс, усаа бохирдуулаад байж бай” гэж толгойг нь илэх шаардлага байхгүй.1.4 сая иргэнийхээ амьд явах эрхийг хангахын тулд, төр өнөөдрөөс иргэддээ үйлчилж эхлэхийн тулд хязгаарлахаас өөр шийдэл байсангүй.

-Хүний язгуур эрхийг хангахын тулд ийм шийдвэр гаргасан юм байж. Одоо тэгвэл үүссэн нөхцөл байдлыг үе шаттайгаар яаж бууруулах вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын хязгаарыг тогтоосон. Энэ оны дөрвөн сараас Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөх зуухны стандарт хэрэгжиж эхэлнэ. Дөрөвдүгээр сараас эхлэн ямар ч хараа хяналтгүй, норм стандаргүй зарагдаж байгаа бүх төрлийн зуухыг журамлана. Технологийн шийдэлгүй, утаа гаргадаг бүх төрлийн төхөөрөмжийг худалдаалахыг хориглоно.

-Стандартад нийцсэн гэхээр ямар зуух байх юм бэ. Та бүхэн зуухны хэрэглээг халъя гэж байгаа. Гэтэл шинэ стандарт хэрэгжинэ гэлээ. Хэлсэн ярьсан тань хийж буй үйлдлээсээ зөрөөд байгаа юм биш үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Энэ бол манайхаас хэрэгжүүлж байгаа ажил биш. УИХ-аар хэлэлцээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэж Дэлхийн банкны төслөөр үйлдвэрлэсэн МХЕГ, Стандартчилал хэмжил зүйн төвөөс гаргасан бүрэн шаталтат зуух юм. Хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг тоосонцор, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий болон PM2, PM10 хорт бодисын хэмжээг байх ёстой хэмжээнд барих, сайжруулсан түлшээр галладаг зуухыг улс даяар хэрэглэнэ. Цахилгаан бага зарцуулдаг халаагуураа ч мөн хэрэглэнэ.

[quote] Төр 1.4 сая иргэнийхээ амьд явах эрхийг хангахын тулд хязгаарлахаас өөр шийдэл байсангүй.[/quote]

-Сайжруулсан зуух гэснээс түлшийг нь бэлтгэн нийлүүлэхээртөрөөс татаас авсан хэсэг компани ор сураггүй алга болчихсон. Стандартын зуухыг хэрэглэхээр сайжруулсан түлш гээд ахиад баахан мөнгө зарлагадах хэрэг гарах уу?

-Өмнөх Засгийн газар сайжруулсан түлш үйлдвэрлэгчдээ элгээр нь хэвтүүлж “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Түүхий нүүрс авчирч тараагаад агаарын бохирдлоо нэмэгдүүлж, өмнөх хэрэгжүүлсэн бодлогоо нураасан. Бид энэ алдаатай бодлогыг нь засаж залруулахын тулд ажиллаж байгаа. Шахмал буюу сайжруулсан түлшүйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжинэ.

-Стандарт зуухыг айл өрх бүр хэрэглэж байгааг яаж хянах юм бэ? Өмнө тараасан сайжруулсан зуух шиг хэсэг яригдаад алга болчихдог, амралт, сувиллын газрыхан олноор нь худалдаад авчихвал яах вэ?

-Иргэд, айл өрх бүр хянана. Хүч нэмж Мэргэжлийн хяналтын газрын байцаагч бүр агаарын чанарын байцаагч болгож, ажил үүрэгт нь нэмж өгнө. Өөрийн гаргасан алдаагаа иргэн бүр хүлээдэг хариуцлагын тогтолцоог үүгээр дамжуулаад бий болгоно.

-Саяхан нийслэлээс агаарын бохирдол бууруулах технологийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үүний үр дүнд ямар технологийг дэмжихээр болов?

-Яг үнэнийг хэлэхэд иргэдэд нүүрснээс өөр мэдлэг алга. Тиймээс нүүрсийг орлох, дулаан хадгалах, цахилгаан бага зарцуулдаг технологийн зөв шийдэл байна шүү гэдэг мэдээллийг энэ үзэсгэлэнгээр өгсөн. Янз бүрийн шийдлээр дулаан хадгалж, цахилгаан бага зарцуулах технологийг 50 гаруй аж ахуй нэгж танилцууллаа. Боломжийн үнэтэй, цахилгаан халаагуур байдаг гэдгийг иргэд мэдэрсэн. Харин алийг нь сонгож орон гэртээ ашиглахаа иргэд өөрсдөө шийднэ. Түүнийг нь хотоос, төрөөс дэмжинэ. Түүнээс биш яг үүнийг дэмжинэ гэсэн зүйл байхгүй. Иргэд өөрсдийн эдийн засгийн нөхцөл, амьдрал ахуй, орон байрны зай талбайдаа тохирсон зүйлээ л сонгоно. Өрхийн орлого харилцан адилгүй учраас янз бүрийн бүтээгдэхүүн сонгох нь ойлгомжтой.

-“Мон-Ватт” компанийн цахилгаан халаагуур сүүлийн үед нэлээд яригдаж байна. Зарим хүн нийслэлийн удирдлагуудын аль нэгнийх нь ах дүүгийн компани учраас дэмжээд байна гэж хардлаа. Нийслэлээс энэ компанийг ямар зорилгоор дэмжиж байгаа юм бэ?

-Хүмүүс хардах нь аргагүй. Хардах ч ёстой. Өмнө нь 176 мянган зуухыг хамаатныхаа улсуудад халамжийн бодлогоор тараасан. Үүний цаана 200 тэрбум төгрөг салхинд хийссэн. Үр дүн байхгүй. “Мон-Ватт”-ын бүтээгдэхүүний хувьд дулаанаар хангах, хоол цай хийх төхөөрөмжийг хамт шийдсэнээрээ онцлогтой. Иргэд яг үнэндээ ийм шийдлийг түлхүү сонирхож байна. Технологийн үзэсгэлэнгийн үеэр айл өрхийн ахуйн хэрэгцээний шаардлага хангасан ийм халаагуур үүнээс өөр байхгүй л байна лээ. Гэхдээ өндөр үнэтэй байна. Миний ширээгээр дүүрэн ийм төрлийн төслүүд нийслэлээс дэмжлэг хүссэн байгаа. Би дур мэдэж зөвшөөрөхгүй. Иргэд тэднийхийг сонговол бид харин санхүүгийн дэмжлэг үзүүлье гэж байгаа.

-Нийслэл хэдэн төгрөгийн санхүүжилт хаанаас босгож, хичнээн өрхийн цахилгаан халаагуурыг шийдэх юм бэ?

-Хөгжлийн банк агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллахаар болж гэрээнд гарын үсэг зурсан. Боломжит хувилбараар санхүүгийн эх үүсвэр олж өгөхөөр болсон. Байгальд ээлтэй ногоон технологийг дэмждэг арилжааны бүх банкинд боломж олгоё гэж байгаа. Иргэн өөрөө ямар цахилгаан халаагуур сонгохоо шийднэ. Нүүрсэнд зарцуулдаг мөнгөө банкинд өгч, урт хугацаанд төлбөрөө төлдөг байх шийдлийг ярилцаж байна. Гэвч саад бэрхшээл олон тулгарна. Нэгдүгээрт, өндөр технологи учраас үнэтэй байна. Хоёрдугаарт, арилжааны банкаар лизингээр авна гэхээр танаас барьцаа төлбөр шаардана. Энэ олон төрлийн саад бэрхшээлийг нь иргэн таны өмнөөс хотын захиргаа, Засгийн газраас баталгаа гаргаж, гэрээ байгуулъя. Түүний хариуд та утаагүй түлш, эсвэл цахилгаан халаагуур хэрэглэ гэдэг зарчмыг баримтална. Монголын банкуудын холбоотой ярилцаж, боломжит хувилбарыг судалж байна. XXI зууны иргэд хог түлээд амьдарч болохгүй. Эхний ээлжинд агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд амьдарч байгаа гэр хорооллын 72 хорооны айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, цахилгаан халаагууртай болгох шийдвэр гаргасан.

-Хотын өмнөх удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлт, сайжруулсан зуух, түлш гээд бас ч үгүй их төсөв хөрөнгө зарцуулсан. Тэр ажлуудыг үргэлжлүүлж байгаа юу?

-Утаа бол Э.Бат-Үүл даргын үед үүсээд С.Батболд даргын үед гамшгийн хэмжээнд хүрчихсэн зүйл биш. Төрийн бодлого залгамж чанараа хадгалж, зөв нь дэмжигдэж, буруу нь арчигдаж байх ёстой. Үгүйсгэж болохгүй, сайн зүйл байсан уу гэвэл байсан. Сайжруулсан зуух, түлш, цахилгаан халаагуур гээд бүхий л ажлыг нь үргэлжлүүлж, идэвхжүүлж байгаа. Гэхдээ өмнөх шиг 200 тэрбум төгрөгөөр 176 мянган зуух захиалаад халамжийн бодлогоор тараахгүй. Би үүнийг хатуу хэлье.

-Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зориулсан 1.2 сая долларыг юунд зарцуулах вэ?

-1.2 сая биш, 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт байсан юм. Төсөл нь хэрэгжээд энэ зургаан сард дуусна. Өмнөх сайжруулсан зуух мэтийн төсөлд зарцуулагдсан гэж ойлгож болно. Одоо 2.2 сая ам.доллар үлдсэн гэдгийг намайг энэ салбарыг хариуцаад ажил авах үед мэдэгдсэн. Дөнгөж сая Дэлхийн банкны төлөөлөл болон ажлын хэсгийнхэн хуралдаад манай зүгээс дээр ярьсан саналуудад дэмжлэг үзүүлэхээс гадна агаарын бохирдлын хор нөлөө, гамшгийн мэдээлэл, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олгох, соён гэгээрүүлэхэд зориулж өгөөч гэсэн санал тавьсан.

-Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахад 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 600 саяыг нь судалгаанд зарцуулна гэсэн байдаг. Ямар судалгаанд зарцуулах юм бэ. Судлаагүй үлдсэн зүйл бий гэж үү?

-Ийм ташаа мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа юм. Үүнд албан ёсоор тайлбар өгье. Нэгдүгээрт, нийслэлээс төсөвлөсөн 3.2 тэрбумын задаргаа ороогүй. Хоёрдугаарт, би энэ ажлыг хариуцаж байгаагийн хувьд хатуу хэлье. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг судалгаанд зарцуулагдахгүй. Харин нэг ширхэг ч гэсэн яндан байхгүй болоход зарцуулъя гэсэн байр суурьтай байгаа.

Бид өнөөдөр агаарын бохирдлыг биеэрээ мэдэрч байна. Ураг эндэх, хүний бие өвчлөхөөс илүү бодитой үр дагавар гэж байхгүй. Харин би нийслэлийн бүх шатны төрийн байгууллагад иргэдийг соён гэгээрүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр, шинэ санаа өгч, хөгжүүлэхийг чиглэл болгож байгаа. Утаа ялгаруулдаг автомашинаасаа татгалзаж явган алхахыг, цэвэр агаарт гарч салхилдаг байхыг уриалах хэрэгтэй байна. Утааны хор уршгийг хангалттай мэдэрсэн учраас урьдчилан сэргийлэх аргад суралцах хэрэгтэй.

-Сургууль цэцэрлэгүүдэд маск, агаар цэвэршүүлэгч олгож байгаа. Бүх сургууль, цэцэрлэгт тараах уу?

-Агаарын бохирдлын голомтод бүсийн сургууль, цэцэрлэгийн 200 ангид агаар цэвэршүүлэгч олгосон. Хүүхдүүд бол бидний хамгийн эмзэг сэдэв. 25 хүүхэд сурах ангид даац хэтрүүлэн 50 хүүхэд сурчбайгаа. Нэмэх нь бохир агаар. Саяхан болсон ээж аавуудын холбооны жагсаалд би оролцсон. Гурван хүүхэддээ цэвэр агаартай Улаанбаатарыг үлдээхийн тулд, хариуцлагаа ухамсарлаж гурван цаг гадаа жагссан. Азаар би энэ чиглэлийн асуудал хариуцсан үйлчлэгч болсон. Надтай хамтарч ажиллая гэвэл миний өрөөний үүд хаалга нээлттэй. Хамтдаа тэмцье гэж байгаа бол цуг сууж байгаад зөв шийдэл олъё л гэдэг. Гэхдээ зорилгыг нь ойлгох хэрэгтэй. Хэсэг хүмүүс жагсаад л утаа багасдаг бол би ажил хийлгүй өдөр болгон очоод хэвтсэн ч болно. Үр дүн, зорилго нь юу гэдгийг бүх зүйлд зөв бодлого, зорилго хэрэгтэй. Энэ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд бид бүхий л боломжоо дайчлаад хотын бүх сургууль цэцэрлэгийг дотоод орчны агаар цэвэршүүлэгчтэй болгохыг зорьж байна.

-Таны ярьсан энэ бүх шийдвэрийг ажил хэрэг болгосны дүнд агаарын бохирдол хэдэн хувиар буурах вэ?

-Агаарын бохирдлыг одоо байгаа түвшнээс нь нэмэгдүүлэхгүйгээр ажиллахад 20 хувь бууруулна гэж үзсэн. Хотын захиргаанаас энэ ажилд оролцоод 20 хувь л бууруулж чадна. Ерөөсөө өргөс авсан мэт утааг гэнэт алга болгочихож чадахгүй шүү дээ. Өнгөрсөн 20 жилд энэ асуудал хуримтлагдсан шиг төдий хэмжээнийхугацаа зарцуулах нь ойлгомжтой.

-Төгсгөлд нь хувийн шинжтэй нэг зүйл сонирхоод асууя. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдэг. Та өөрөө ямар хувь нэмэр оруулж байна вэ? Яаж утаанаас хамгаалж байна?

-Би их алхдаг. Таньдаг хүмүүс маань дарга болчихоод алхлаа гэдэг л юм. Надад эрүүл мэнд чухал. Манайх хорооллын эцэст амьдардаг. Өглөө маск зүүж алхаад ажилдаа ирж байсан удаа бий. Хүүхдүүддээ аль болох алхахыг зөвлөдөг. Харамсалтай нь тийм ч сайн үр дүнд хүрэхгүй л байна. Хүмүүс гадуур явахдаа ядаж хүүхэддээ маск зүүлгэж хэвшүүлэх хэрэгтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ