Биеэ ч засаагүй төр засагчид

УИХ-ын шинэ гишүүд эрх барилцаад хагас жилийн хугацаа өнгөрчээ. Төр барина гэдэг нь зөвхөн ард түмэндээ төдийгүй дэлхий дахинаа Монгол Улсын нэр хүндийг өндөр хэмжээнд авч явах үүрэг хариуцлага үүрнэ гэсэн үг. Гэтэл манай ялангуяа эмэгтэй гишүүд өнөөдрийг хүртэл биеэ зөв авч явах тал дээр элдэв шүүмжлэлд өртсөөр байна. Биеэ ч засаагүй байж төрөө засна, эдийн засгаа өөд нь татна, эх орноо хөгжүүлнэ гэж ярих нь учир дутагдалтайг үгүйсгэх аргагүй.

Анх БНСУ-ын парламентын гишүүний урилгаар эмэгтэй гишүүд тус улсад айлчлахдаа хувцасны асуудлаар банга хүртсэн. Улс төрч шинжгүй, загваргүй хувцасласан зэргээр хэлэлцэж, мэдрэмжгүй бол ядаж үндэсний хувцсаа өмсөхийг тэдэнд зөвлөх хүн олон байлаа. Манай улс төрчдийн дипломат соёлгүй, бүдүүлэг айлчлалын цуваа УИХ-ын дарга М.Энхболдын Кувейт дэх айлчлалын үед УИХ-ын тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Нарантуяагаар үргэлжилсэн юм. Тэрээр Исламын шашинтай оронд болсон уулзалтанд богино банзалтай очиж, гуя хасаа гялалзуулсан зураг нийгмийн сүлжээгээр тарж асуудал үүсгэв. Асуудал болсны учир нь шашны ийм ёс жаягтай оронд эмэгтэйчүүд биеэ нөхрөөсөө өөр эрэгтэй хүнд харуулах нь нүгэл, биеийг нь харсан эрэгтэй хүн ч нүгэлтэйд тооцогддог тул олон хүнийг нүгэлтэн болгосон удаатай.

Гадаадад төдийгүй эх орондоо гаргасан элдэв үйлдлээсээ болж янз бүрээр хэлэгдэх гишүүд ч бий. Шүүмжлэлүүд төрийн ордон дахь хуралдааны үеэр илүүтэй өрнөнө.

УИХ-ын гишүүд чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ард түмний нүдэнд илүүтэй өртдөг гэдгээ мэддэг байлтай. Тэгвэл улс орныхоо асуудлыг хэлэлцэх үеэр янз бүрийн илүү хөдөлгөөн хийх нь олон нийтийн дунд тэднийг муу хэлүүлэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, төрийн асуудлыг хэлэлцэх тухайн хуралдааныг хүндэтгэх нь түмэн олноо ч хүндэтгэж буй нэг хэлбэр хэмээн үзэх хүн олон буй. Утсаа оролдох, бохь зажлах, босон суух, бусдын кноп дарах зэрэг үйлдлүүд бол бараг л энгийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Гэтэл сүүлийн үед дуран авайд содон үзэгдлүүд өртөх болсон нь нийгмийнсүлжээнд нэлээд цараатай тархав.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ сарын 17-ны өдрийн байнгын хорооны хурал дээр цай ууж, боорцог идэж, эсрэг ширээний хүмүүс рүү инээж, улмаар утсаар ярин гарч оджээ. Түүнийг өлсөө биз гэж өмөөрөх нэг хэсэг байгаа ч дийлэнх нь энэ үйлдэлд дургүйцлээ илэрхийлж байв. Харин энэ асуудалд тэрээр “Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм. Өглөөний 09 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шоколадны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ.” гэсэн тайлбарыг өгчээ. Харин бусад нь одоогоор ямар нэгэн зүйл хэлээгүй байна.

Цай уунгаа унагасан үгийг монголчууд “баланч яриа” гэдэг байж. Баланчдын хажуугаар утсаа илэх зарим гишүүдийн үйлдлийг ч дурьдах хэрэгтэй. Утааны асуудлаар улсын тэргүүн нь ярьж байхад унтаагаараа сонсдог салбарын сайд ч байна. Бүр чуулгандаа хүртэл халамцуу ирээд суудлаа андуурсан бичлэг цацагдсан. Ганцхан харьцуулалт хийе. Ардын багш нарт хичээлийн цагаар хүүхдүүдийн өмнө идэж, ууж, элдэв аяг, үйлдэл гаргаж болохгүй гэсэн ухамсар төлөвшсөн байдаг. Харин УИХ-ын гишүүд ард түмнийхээ өмнө ямар ухамсартайгаар ажиллаж байгааг эндээс тодорхой харж болохоор байна.

Ажил дээр ч амьдрал дээр ч хариуцлага, сэтгэл хоёр л хүнийг бүрэн илэрхийлнэ.

Төрийн өндөр сэнтийд суугаад төрөө хүндлэх ёсоо, хууль хэлэлцэх үеийн ухамсраа умартдаг зарим нэгэнд улсаа төвхнүүлэх тухай яриад явах зөвшөөрлийг сонгогч бид өөрсдөө л олгосон. Хүн л болсон хойно бусдаас ялгаагүй идэж, ууна гэж өмөөрөн өндөлзөх нэгэн ч бас гарах байх. Тэгвэл хажуудах нь үг хэлж байхад олны анхааралд хамтдаа өртөнө гэдэг энгийн ойлголтыг үл ойшоох нь бусдыг ч үл ойшоож буйтай адил гэж эсрэг сөрөх ч хэсэг байх.

Ямар сайндаа “Боов иднэ, дараа нь бохь зажлая л гэнэ. Чи ямар УИХ-ын гишүүн үү?”, “Эмэгтэй гишүүдэд биеэ хэрхэн авч явах талаар хичээл заана. Багш З.Баянсэлэнгэ” гэсэн орчин цагийн явган ярианууд хүртэл гарч эхэлжээ. Биеэ ч засаагүй төр засагчдын "гүйцэт боловсрох" тал дээр нь анхаарч, тэдэнд төлөвшлийн хичээл оруулахад ч илүүдэхгүй бололтой.

Төрийн зарим эрхэмсэг түшээдэд “Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн өвгөдийн сургамжийн үнэр ч үгүйд сонгогч олон дургүйлхэж байгааг энд сийрүүлэн, тэдэнд хүргэж буй нь энэ юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ