Ээжтэйгээ диваажинд уулзана гээд шүүх танхимд амиа егүүтгэхийг завджээ

Энэ сарын 18-нд буюу өчигдөр шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг гарлаа. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь нас нь аврагдсан байна.
Энэ хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү, тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа нар албан ёсны тайлбарыг өнөөдөр орой өгсөн юм.
Шүүгдэгч Ч.Б нь өмнө нь хоёр удаа шоронд ороод өршөөлөөр суллагдсан, энэ удаад хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байжээ. Улсын яллагч яллах дүгнэлтийг уншсаны дараа шүүгдэгчийн мэдүүлэг өгөх хэсэг эхлэхэд тэрээр босоод “Надад амьд явах сонирхол алга. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзмаар байна” гээд хоолойгоо хэрчсэн аж. Шүүх хурлын үеэр цагдаагийн нэг албан хаагч байсан бөгөөд шүүгдэгчийн дэргэд зогсож байсан тулдаа гэнэтийн үйлдлийг түргэн шуурхай зогсоож чаджээ. Хачирхалтай нь шүүгдэгчийн гарт ямар нэгэн төмөр эд зүйл байгаагүй тул хоолойгоо юугаар зүссэнийг тогтоож чадаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч тухайн үед яг камерын доор зогссон байсан учраас бичлэгт нарийн тодорхой зүйл харагдахгүй байгаа бололтой. Ойр хавьд нь ямар нэгэн мэс, хурц үзүүртэй эд зүйл байгаагүй тул хумсаараа хүзүүгээ зүссэн байж магадгүй гэсэн таамаг гарсан ч эмчийн зүгээс энэ нь боломжгүй гэж дүгнэж байгаа юм байна.
Тус шүүхэд цагдаагийн ажилтан хүрэлцээгүй гэдгийг мэдээллийн үеэр тэмдэглэн хэлж байлаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хурлын долоон танхимтай ч дөрвөн цагдаа хамгаалалтад ажилладаг байна. Ийнхүү хүн хүчний хүрэлцээгүйгээс шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдалд халдах магадлал өндөр байгааг энэ хэрэг явдал харууллаа. Энэ явдлаас үүдэн Тахарын албыг татан буулгасан асуудал ч эргэн сөхөгдөж эхэллээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ