Тавантолгойн гэрээг олон улсын гэрээний хуулиар зохицуулахгүй
Олон улсын гэрээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг тус тус Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь 2016 оны 12 дугаар сард батлагдсан Олон Улсын гэрээний тухай хууль энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Тавантолгойн гэрээг энэхүү Олон улсын гэрээгээр зохицуулж Засгийн газраас УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэх гэж байна гэх ташаа мэдээллийг мэдээллийн хэрэгслээр зарим эх сурвалж олон нийтэд түгээжээ. Үүнд Гадаад харилцааны яамнаас дараахь тайлбарыг өглөө.
Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрхзүйн газрын захирал А.Төмөр: Таван толгойн гэрээг энэхүү Олон улсын гэрээгээр зохицуулахгүй гэдгийг эхний ээлжинд ойлгох хэрэгтэй. 2016 оны 12 дугаар сард Их Хурлаас баталсан Олон Улсын гэрээний тухай хууль нь Засгийн газар хоорондын харилцааг л зохицуулах үүрэгтэй. Харин Засгийн газар Бизнесийн байгууллага/компани/ хоорондын гэрээг холбогдох бусад хуулиар нь зохицуулаад явна. Тиймээс энэхүү Олон улсын гэрээ нь Таван толгойн гэрээтэй ямар ч холбоогүй. Гэхдээ олон нийтэд нэгэнт ийм ойлголтыг зарим төрийн түшээд болон бусад эх сурвалж өгчихсөн болохоор Гадаад харилцааны сайд тухайн маргаан, үл ойлголцол үүсээд байгаа зүйл заалтуудад өөрчлөлт оруулж Олон улсын гэрээний нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж өргөн барихаар болоод байна. Хуулийн төсөлд оруулж буй гол өөрчлөлт нь 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуульд байсан “УИХ-нь Засгийн газрын байгуулсан гэрээг хүчингүй болгох” гэх заалтыг яг тэр үг өгүүлбэрээр нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд яг тэр чигээр нь оруулсан байна. Энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлээр ч мөн давхар баталгаажсан байдаг.
Харин 1993 онд батлагдсан Олон Улсын гэрээний тухай хуулийг 2016 оны 12 дугаар сард Олон Улсын гэрээний тухай хуулийг батлахдаа хүчингүй болгоогүй нь өдгөө дээрхи 2 хууль хоёул зэрэг үйлчлэлтэй байгаагаас дээрхи үл ойлголцол үүсэх үндэслэл болоод байгаа учир удахгүй УИХ-аар дээрхи хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж хэлэлцүүлснээр шийдвэрлэгдэнэ хэмээн үзэж байна гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ