АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөлөө

-ИРЭХ ЖИЛҮҮДЭД БИД АМЕРИКИЙН БОЛОН ДЭЛХИЙ ДАХИНЫ ЗҮГ
ЧИГИЙГ ХАМТДАА ТОДОРХОЙЛОХ БОЛНО-

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Конгрессын ордны өмнө тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөх ёслолын үеэр ашиглаж байсан библь дээр тэрбээр зүүн гараа тавиад, баруун гараа өргөн “Дональд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийнүүргийгчин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!" гэж хэлэв.

Өдгөө 70 настай Трамп АНУ-ын түүхэн дэх хамгийн хөгшин ерөнхийлөгч боллоо. Түүний тангараг өргөх ёслолыг АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс удирдан явуулав. Дональд Трамп тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгээс товчлон хүргэж байна.

Өнөөдөр Америкийн ард түмэн бид улс орноо сэргээн босгож, улсынхаа иргэн бүрийн итгэл найдварыг сэргээхээр энд цуглаж, нэгдээд байна. Ирэх жилүүдэд Америкийн болон дэлхий дахины зүг чигийг бид хамтдаа тодорхойлох болно. Бидэнд олон сорилт тулгарах нь мэдээж. Бид саад бэрхшээлийг сөрөн зогсож, даван туулах болно. Бид энэ ажлыг сайн хийж чадна.

Дөрвөн жил тутамд бид төрийн эрхийг цэгцтэй, тайвнаар шилжүүлэн өгөх үйл явцын гэрч болохоор цугладаг. Төрийн эрхийг шилжүүлэн өгөх ажилд энэрэнгүй сэтгэлээр тусалсан Ерөнхийлөгч Обама, тэргүүн хатагтай Мишель нарт талархлаа илэрхийлье. Тэд гайхамшигтай сайн байсан.

Өнөөдрийн ёслол бол маш онцгой утга учиртай. Бид Вашингтоны эрх мэдлийг Америкийн ард түмэн та бүхэнд шилжүүлж,буцаан өгч байна. Вашингтон ард түмнээ бус өөрсдийгөө л хамгаалсаар ирлээ. Тэдний ялалт Америкийн ард түмэн та бүхний ялалт байсангүй. Энэ бүхэн яг эндээс, яг одооноос өөрчлөгдөх болно. Учир нь энэ мөч бол та бүхнийх. Та бүхэнд зориулагдсан мөч.

Америкчууд үр хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлж, ар гэрийнхнээ аюулгүй орчинд амьдрах нөхцлөөр хангаж, өөрсдөө ажилтай орлоготой болохыг хүсч байна. Энэ бүхэн бол шударга ард түмний зөв бөгөөд биелүүлж болохоор шаардлага.

Манай улсын хэтэрхий олон иргэний хувьд амьдрал, бодит байдал шударга бус байна. Манай улсад эхчүүд, хүүхдүүд ядууралд нэрвэгдсэн байна. Манай улсын хаа сайгүй булшны чулуу шиг зэвэрч хэмхэрсэн үйлдвэрүүд байна. Боловсролын тогтолцоо мөнгөний гачаалд орсны улмаас манай залуус болон үзэсгэлэнт оюутан сурагчид хохирч, мэдлэгээр цангаж байна. Гэмт хэрэг, гэмт хэргийн бүлэглэлүүд, мансууруулах бодис хэтэрхий олон хүний амийг авч одож, манай улсын ард түмний сайн сайхан амьдрах боломжуудыг дээрэмдсээр байна.

Энэ Америкийн аллага хядлага яг энд, яг одооноос дуусгавар боллоо. Бидний өвдөх өвчин нэг-бид бол нэг улсын иргэд. Тэдний мөрөөдөл биднийх, тэдний амжилт ч бидний амжилт байх болно. Бид нэг зүрхтэй, нэг гэртэй бөгөөд аугаа хувь тавилантай хүмүүс.

Бид бусад улс орныг баян болгож байх зуур манай улсын эд баялаг, сүр хүч болон итгэл найдвар хэдийнэ алдарсан байна. Америкчууд сая саяараа ажилгүй хоцорч, үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьсан байна. Гэхдээ энэ бүхэн өнөөдрөөр ард хоцорч байна. Одоо бид зөвхөн ирээдүйгээ харах болно. Өнөөдөр энд цугласан бид бүгд дэлхийн хот бүрт, гадаад улс орнуудын нийслэл бүрт болон дэлхийн өнцөг булан бүрт сонсогдохоор шинэ зарлиг буулгаж байна.

-ТИЙМ ЭЭ, БИД ХАМТДАА АМЕРИКИЙГ ДАХИН АУГАА БОЛГОХ БОЛНО-

Энэ цагаас эхлэн манай улсыг шинэ алсын хараатнууд удирдах болно. Энэ мөчөөс эхлэн Америк нэгдүгээрт байх болно. Худалдаа, татвар, цагаачлал болон гадаад харилцааны талаарх шийдвэр бүхний ашиг шимийг Америкийн ажилчин ангийнхан болон Америкийн өрх бүр хүртэх болно. Манай бүтээгдэхүүнийг гаргаж, манай компаниудыг тонож, бидний ажлын байрыг устгаж байгаа бусад улс орны тонуулчдаас бид хилээ хамгаалах ёстой.

Би энэ биеэрээ, амьсгалах бүртээ та бүхний төлөө зүтгэж, тэмцэх болно. Бууж өгөхийг зөвшөөрөхгүй.

Бид гайхамшигт улс орон даяараа шинэ зам, хурдны зам, төмөр зам тавьж, гүүр, нисэх онгоцны буудал болон туннелиуд барина. Бид ард түмнээ халамжаас гаргаж, ажлын байраар хангах болно. Америкчуудын гараар, америкчуудын хөдөлмөрөөр улс орноо сэргээн босгоно.

Америкийг худалдан ав, америкчуудыг ажиллуул гэсэн хоёр энгийн дүрмийг бид баримтлах болно. Бид дэлхийн улс орнуудтай найрсаг, сайн харилцаатай байхыг эрмэлзэх болно. Гэхдээ бид тэдэнд өөрийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавих нь бүх улс орны эрх гэдгийг ойлгуулах болно. Бид хүн бүр даган үлгэрлэхээр тодоос тод гялалзаж, гэрэлтэх болно.

Бид хуучин холбоотнуудтайгаа харилцаагаа бэхжүүлж, шинэ харилцааг бий болгож, лалын хэт давруу үзэлт террористуудын эсрэг дэлхий нийтийг нэгтгэж, террористуудыг дэлхийн хөрснөөс бүрэн цэвэрлэх болно.

Америкчууд бид бие биедээ итгэх хэрэгтэй. Америк нэгдэж чадсан тэр үед бид хэнд ч дийлдэшгүй болж, биднийг хэн ч зогсоож чадахгүй. Юунаас ч айх хэрэггүй. Бид бүгдээрээ хамгаалагдсан. Бид хэзээд хамгаалалт дор байх болно. Биднийг манай зэвсэгт хүчний эрэлхэг эрчүүд болон эмэгтэйчүүд, хууль сахиулагчид хамгаална. Биднийг бурхан байнга хамгаалдаг.

Эцэст нь хэлэхэд, бид илүү томыг бодож, илүү томыг мөрөөдөх хэрэгтэй. Хоосон ярих цаг дууссан. Одоо хийх цаг ирлээ. Чадахгүй, боломжгүй гэх үгийг бүү хүлээж ав. Ийм үгс нь америкчуудын зүрх сэтгэл, тэмцэлд нийцэхгүй. Бид ялах болно. Манай улс дахин хөгжин цэцэглэх болно.

Бүх хотод суугаа Америкийн иргэн бүр сонсоцгоо! Та бүхнийг дахин хэзээ ч үл тоомсорлохгүй. Та бүхний дуу хоолой, итгэл найдвар болон мөрөөдөл Америкийн хувь заяаг тодорхойлох болно. Та бүхний эр зориг, сайхан сэтгэл болон хайр энэрэл бидэнд замчлах болно. Бид хамтдаа Америкийг дахин хүчирхэг болгох болно.

Бид баян чинээлэг болгох болно. Бид Америкаар дахин бахархдаг болох болно. Бид Америкийг дахин аюулгүй болгох болно. Тийм ээ, бид хамтдаа Америкийг дахин аугаа болгох болно. Баярлалаа. Бурхан намайг ивээх болтугай. Бурхан Америкийг ивээх болтугай!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ