Трамп эхний зарлигуудад гарын үсэг зурав

Доналд Трамд тангараг өргөж, АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд оров.

Тэр тангараг өргөснийхөө дараа эхний зарлигуудад гарын үсэг зуржээ. Америкийн төрийн тэргүүний албаны ёсны төлөөлөгч Шон Спайсерын хэлснийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд Вашингтонд Конгрессын байшингийн ойролцоо болов.Түүний өмнө дэд ерөнхийлөгч Майк Пенс тангараг өргөв. Трамп Библийн хоёр судар дээр гараа тавин тангараг өргөсөн байна. Нэг дэх судрыг ням гарагийн сургууль төгссөнтэй нь холбогдуулан 1955 онд эх нь түүнд бэлэглэсэн бөгөөд харин хоёр дахь нь АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны судар байжээ.

Трамп тангараг өргөж хэлсэн үгэндээ АНУ-ын сайн сайхан аж амьдрал миний гол тэргүүлэх чиглэл болно гэж мэдэгдээд, засгийн эрхийг америкийн ард түмэнд буцаан эдлүүлэхээр амласан байна.

АНУ бусад улстай найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж, ингэхдээ давын өмнө өөрийн үндэсний ашиг сонирхолыг тэргүүн зэрэгт тавихаа мартахгүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Ингэхдээ өөрийн амьдралын хэв маяг, өөрийн үнэт зүйлсийг бусдад тулган хүлээлгэхгүй, гэхдээ бусдад үлгэр дууриал болох бодолтой байна гэж Трамп дурджээ.

Үүний зэрэгцээ Цагаан ордны сайтад зургаан зүйлт хөтөлбөр тавигджээ. Эхнийх нь эрчим хүчний үйлдвэрлэл. Трамп тус орныг Нефть экспортлогч орнуудын байгууллага – ОПЕК-аас хараат бус болгохоор амлаж байна. Хоёр дахь нь гадаад бодлого, энд террорын “Исламын улс” бүлэглэлийг устгах нь түүний тэргүүлэх чиглэл болж байна. Оростой хамтран ажиллах тухай нэг ч үг дурдаагүй байна. Ажлын байрны тоог нэмэгдүүлэх нь гурав дахь зүйл болжээ. Дөрөв дэх нь батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэх. Тавд улс орны дотоодод аюулгүй байдлыг хариуцдаг хууль сахиулах байгууллагуудыг дэмжих. Зургаа дахь нь бүх америк хүний ашиг сонирхлын үүднээс худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах гэсэн зүйл оржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ