Арилжааны банкууд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгохгүй байна

Монголбанкнаас өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ипотекийн зээлийг өмнө нь олгогдсон эргэн төлөлтийн эх үүсвэрээс санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр тухайн сардаа 25-35 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлдэг хэлбэрт орсон юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2-4 дахин буурсан үзүүлэлт хэдий ч Төвбанкнаас мөнгө хэвлэх замаар ипотекийн зээлийг санхүүжүүлдэг механизмаас татгалзана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.

Монголбанкны албан мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн оны аравдугаар сард 34.7 тэрбум төгрөгийг нийт 672 зээлдэгчид олгосон бол арваннэгдүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгожээ. Үүнээс арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр хоёр сарын хугацаанд 24 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 75.6 тэрбумын ипотекийн зээл олгогдсоноос 24.5 тэрбум нь арилжааны банкуудын эх үүсвэрээс бүрджээ. Энэ талаар Монголбанкны хэвлэлийн албанаас тодруулахад “Монголбанкны зүгээс сар бүр өмнө нь олгогдсон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлэлтээ тогтмол хийж байгаа ” гэсэн тодруулга өгч байгаа юм.

Гэвч арилжааны банкуудын ихэнх нь ипотекийн зээлийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхнээс олгохоо түр зогсоосон нь анхаарал татаж байна. Банкуудын зүгээс өгч буй нийтлэг тайлбар нь өнгөрсөн долдугаар сараас хойш ипотекийн зээлийн санхүүжилтэд гацаа үүссэнээс үүдэж, зээлийн материал бөөгнөрсөн. Тиймээс өнгөрсөн саруудад төвбанкаас өгсөн санхүүжилтийг урагш нь шилжүүлэх замаар шийдсэн гэх хариулт юм. Одоогоор ихэнх банкууд зээлийн материал тухайлсан салбарууд дээрээ хүлээж авч байгаа ч “Санхүүжилт хүлээгдэж байна” гэсэн хоёр өгүүлбэрээр тайлбар хийж сууна.

Арилжааны банкуудын зүгээс ипотекийн зээлийн талаар ямар тодруулга өгснийг дараахь байдлаар нэгтгэн хүргэж байна.

ХААН БАНК: Өнгөрсөн оны дунд үеэс хойш ипотекийн зээлийг шинээр олгохгүй байгаа. Монголбанкнаас санхүүжилт нь орж ирсэн хэдий ч долоо, наймдугаар сарын зээл рүүгээ хийсэн.

ХАС БАНК: Манай банк өнгөрсөн оны дунд үеэс хойш ипотекийн зээл олгохгүй байгаа. Санхүүжилт байхгүй учир биднээс шалтгаалах зүйлгүй. Монголбанкны чигийг хүлээж байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: Ипотекийн зээлийн материалыг хүлээн авч байгаа ч зээл олгохгүй байгаа. Монголбанкнаас санхүүжилт ирсэн тохиолдолд зээлийг хэвийн олгоод явах боломжтой.

ТӨРИЙН БАНК: Иргэдэд зориулсан найман хувийн ипотекийн зээлийг олгохгүй байгаа. Нийслэлд 10, орон нутагт гурван барилгын нэр бүхий компаниудынбарьсан байрнаас орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн зээл олгож байна. Учир нь, эдгээр барилгын компаниуд нь манай банкинд зээлтэй бөгөөд зээлийн төлөлтийг барагдуулах зорилгоор банк өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээл олгож байна. Энэ төрлийн зээлийг нийслэлд дөрвөн салбараараа дамжуулан олгож байгаа болно.

КАПИТРОН БАНК: “Хүннү Молл”-ын дэргэдэх “Ханбогд”, “Өгөөмөр” захын дэргэдэх зургаан талт салбаруудад ипотекийн зээлийн материал хүлээн авч байна. Бусад салбаруудад Монголбанкнаас санхүүжилт орж ирээгүй тул зээлийн материал судлах боломжгүй байна.

УЛААНБААТАР БАНК: Бүх салбаруудаа ипотекийн зээлийн материал хүлээн авч байгаа. Монголбанкнаас санхүүжилт орж ирсэн тохиолдолд зээлэнд хамрагдах боломжтой зээлдэгчдийн хүсэлтийг шийдвэрлэхээр хүлээгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ