19 жилийн дараа төрсөн Япон ёкозуна

Сумогийн дэвжээн дээрх монголчуудын эрин үе завсарлалаа. Мэргэжлийн сүмогийн Хацу башёд Япон бөх түрүүлж эзэн хааны цом хүртсэн нь Япон төдийгүй Монголын сумо сонирхогчдын гол ярианы сэдэв болж байна. Өчигдөр шинэ оны анхны башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Кисэносато Хакухотой учраа таарч, улмаар аваргыг давж аварга болсон юм. Барилдаан эхлэхэд Хакүхо дэвжээний зах хүртэл түрсэн ч озэки зайлж сүкинаги мэхээр Кисеносато 14 даваа, нэг унаатайгаар түрүүллээ.

Угаас япончууд дотроо хамгийн их найдлагатай нь Кисэносато байсан юм. Сайн ч бөх. Тийм болохоор Сүмогийн холбоо түүнд түрүүлээгүй ч байсан ёкозуна цол өгнө гэж амладаг байсан. Энэ амлалт одоо л биеллээ олох нь. Өчигдрийн ялалт япон хүний хөдөлмөрч, аливаа ажлыг дуустал гүйцэтгэдэг, эцсийн хором хүртэл боломжийг ашигладаг чанарыг харуулж байлаа. Ер нь япон түмний үндэсний бахархал, зохион байгуулалт, цаг баримтлах чанар зэргээсмонголчууд бидэнд суралцах зүйл цөөнгүй бий. Мөн мэдээж бид ч тэдэнд үлгэрлэн харуулах зүйл олонтой ард түмэн.

Гэхдээ хэрэв монгол үндэсний бөхийн дэвжээн дээр олон жилийн туршид гадны бөх түрүүлээд байвал манайхнаас ямар хандлага гарах бол?! Тэгвэл үндэсний үзэл, бахархалаа дээдэлсэн тус улсын ард түмэн хаанахын хэн барилдаж байна гэхээс илүү үндэсний спортоо хөгжүүлэх асуудлыг чухалчлан анхаардаг аж. Тэр хэрээр сумонь маргаангүй, найраа тохироогүй, шударга спорт байсаар хөгжиж иржээ. Тиймдээ ч энэ олон жилийн туршид гадны бөхөд дэвжээгээ эзэгнүүлсэн тэд хүлээцтэй, тэвчээртэй улс гэдгээ өнөөдрийг хүртэл харуулж ирлээ.

Сумо бөх нь МЭ IV-VI зуунд үүсч өөрийнхөө төрхийг олж эхэлсэн гэдэг. Япон үндэсний уламжлалыг тээгч бол сумо спорт.Сумо нь зөвхөн спорт төдийгүй япон ард түмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Япончууд үндэсний өв соёлоо авч явах талдаа дэлхийд тэргүүлдэг улс.

Тэгвэл харь улсын энэ агуу, хүндэтгэлтэй үндэсний спортод 1991 оноос Кёкүшюзан Б.Батбаяр алхан орсноосхойш тэрээр олон залуусын гарааг тавьж, амжилтын үзүүрийг атгуулсан. Одоогоор Асашёорюү Д. Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын сумогийн түүхэнд нэрээ мөнхөлсөн дөрвөн ёкозуна төрж, тэдний араас хүчирхэг монгол залуус Наран улсын үндэсний бөхийн дэвжээг эзэгнэж байна. Ер нь сүүлийн 20 гаруй жил монголчуудын эрин үе байлаа. Харин энэ удаад манай аваргуудын араас Япон ёкозуна төрж, монголчуудын эринг завсарлууллаа. Япончуудын магнайг тэнийлгэж, бахархалыг дэврээж байгаа энэ хүн бол озэки Кисэносато юм.

Тэрээр сүмод 15 жил барилдахдаа нэг ч удаа башёг өнжиж байгаагүй бөгөөд озэки цолтойгоор 5 жил барилдаж байгаа билээ. Мөн мэргэжлийн сүмод нийт 89, дээд зиндаанд 73, озэки цолтойгоор 31 башё барилдаж байна. Ийнхүү 12 удаа үзүүрлэсэн Кисэносато 72 дахь их аварга болж байгаа юм. Гэхдээ мэргэжлийн сүмогийн удирдах зөвлөл ирэх лхагва гарагт хуралдах бөгөөд тухайн хурлаар озэки Кисеносатод ёкозуна цол олгох талаар хэлэлцэх аж. Хэрвээ ёкозуна цол олговол япончууд 19 жилийн дараа аваргатай болж байгаа нь энэ юм. Удирдах зөвлөлийн дарга нь түүнийг давсан ч, даваагүй ч цолыг нь өгнө гэж байсан. Харин өчигдөр Хакухог давснаараа тэр гарцаагүй аварга болох болзлоо хангасан гэж хэлж болно.Тиймээс Япон үндэсний их спортод 19 жилийн дараа япон ёкозуна гарч ирж байгаад сумо сонирхогчдынхоо өмнөөс баяр хүргэе.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ