Ноён уулын шүүх хурал ирэх сар хүртэл хойшиллоо

Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, дахин хойшиллоо. Эх сурвалжийн мэдээлснээр Ноён уулын шүүх хуралдаан хэсэг маргаан өрнөсний эцэст Сентэрра Голдын тал хууль бусаар лиценз авснаа тодорхойлсон аж. Тодруулбал, “Сентерра Гоулд” ХХК-ийн зүгээс "Засгийн газраас улсын тусгай хамгаалалтанд авсан газрын хил хязгаарыг тогтоосон тогтоол гараагүй байна. Мөн хүнцэлийн агууламжийг судалсан судалгаа хийгдээгүй байна. Түүнчлэн усыг нь судалсан судалгаа хийгдээгүй байна. Цэвдэгийг нь судалсан судалгаа хийгдээгүй байна" гэх мэт үндэслэлүүдийг тавьжээ. Энэ олон судалгааг хийж байж энэ шүүх хурал үргэлжилнэ гэж байгаа аж. Харин энэ бүх судалгааг ашиглалтын лиценз авахаасаа өмнө авчихсан байх ёстой байдаг юм байна. Гэтэл энэ компани дээрх үндэслэлүүдийг гаргаж тавьснаараа ашиглалтын лицензээ хууль бусаар авсан гэдгээ нотоллоо гэж нэхэмжлэгч талынхан хэлж байна.

Тиймээс Архелогийн хүрээлэн болон цэвдгийн судалгааны хүсэлтүүдийг нарийвчлан авч хэлэлцэхээр болж хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулахаар болсон байна.

Өнөөдрийн шүүх хурлыг шүүгч н.Сайхантуяа даргалж, нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, "Босоо хөх монгол" төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан, "Ноён уулаа аваръя" ТББ-ын тэргүүн нар оролцов. Харин хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баярмагнай, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н.Солонго, “Сентерра гоулд”-ийн төлөөлөгчөөр н.Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ