Циркчид осолдсон шалтгааныг тогтоожээ

Циркчид орон нутгийн замд буюу Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт осолдож, гурав нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан билээ. Энэхүү ослын улмаас алиалагч Н.Б, илбэчин М.Г, жонглёрчин Б.И нар газар дээрээ нас барсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тухайн үед циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлсэн, “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргээс болж уг осол гарсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогджээ.

Тодруулбал, “Тоёота Эстима” маркийн автомашинтай явж байсан циркийн жүжигчид харуй бүрий болж байхад хурдаа тохируулаагүй, мөн гэрлийн гялбаанд орж, зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн байна. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн “Лексус-570” маркийн автомашиныг мөргөж осолдсон аж. Хэргийн газрын үзлэгээр “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь тогтоогджээ. Мөн талийгаач нарын сууж явсан машин хурд хэтрүүлсэн нь дугуйн мөрөөр тодорхой болсон бол жийпний жолооч гэрлээ шилжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ