Хохирогчдын биеэс метилийн спиртийн найрлага илэрчээ

Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд хордсон гэх иргэдийн амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэж таамаглаж байсан билээ. Тэгвэл эцсийн хариу гараагүй ч өнөөдөр энэ талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийв.
Энэ талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд "Хэргийн газраас олдсон эд зүйлсийг шалгаж байгаа. Эд эсийн шинжилгээний хариу эцэслэж гараагүй. Хохирогчдын биеэс метилийн спиртийн найрлага илэрсэн. Хэргийн газраас олдсон "Найрсаг" архийг үйлдвэрлэдэг "Мөнхжин-Од" компанид шалгалтхийж, нэгдүгээр сарын 17-нд үйл ажиллагааг нь хаасан. Шинжилгээгээр "Найрсаг" архины хатуулгийн стандартын хэмжээ бага гарсан. Мөн "ЖЕМ интернэйшнл"-ийн бүтээгдэхүүнд шалтгалт хийхэд сорилын дүнгээр стандартын шаардлага хангасан" гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "МХЕГ болон НМХГ-аас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийтдээ 59 архи спиртээс дээж авч шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээг авах чиглэлийн хувьд үйлдвэрийн технологийн уснаас дөрвөн дээж, спиртээс 13 дээж, архинаас 42 дээж авч шинжилгээнд хамруулсан байгаа. Шинжилгээний хариугаар үйлдвэрийн уснаас авсан дөрвөн дээж дөрвүүлээ шаардлага хангасан. Спиртийн 13 дээж бүгд стандартын шаардлага хангасан. 42 архины дээжийн 36 нь шаардлага хангасан. Үлдсэн зургаан архи нь Найрсаг нэрийн архи байсан. Тус архинуудаас хатуулгийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ буурсан гэсэн зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, шошгон дээрээ 39 градус гэж бичсэн хэрнээ яг шинжилгээнд хамруулаад шалгахаар хатуулаг нь 28-32градустай байсан. Сорилын дүнгээр таван хүний үхэлд этилийн спирт нөлөөлөөгүй. Архинд ямар нэгэн стандартын зөрчил гараагүй гэж үзэж байгаа” гэлээ.
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын орлогч дарга Н.Ганбаяр “Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тогтоолын дагуу манай шинжээчид хэргийн газарт очиж, хувцанцар болон шилтэй шингэнээс дээж авч, шинжилгээнд өгсөн. Мөн нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийж, хариуг нь мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Цогцосноос авсан урьдчилсан шинжилгээгээр цуснаас нь метиллийн спирт илэрсэн. Харин эсийн буюу нарийвчилсан шинжилгээний хариу 7-14 хоногийн дараа гарна” гэлээ.
Албаны хүмүүсийн тайлбарласнаар нас барсан иргэд "Гайхмаараа" шил цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг шинжлүүлж байгаа башинжилгээний эцсийн хариу удахгүй гарах гэнэ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ