"Эрдэнэт"-ийн эргэн тойрон дахь үнэн ба худал

УИХ-ын ахмад гишүүдийн нэг Ц.Нямдоржсүртэймэдэгдэл хийж би энэ асуудлыг шийднэ, Эрдэнэтийн 49 хувийг төрд авчирч 100 хувь монголынхоо талд шилжүүлэхийн төлөө явна гэж Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны асуудал эрчээ авч эхэлсэн. Улмаар өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг ширүүн уур амьсгал дунд хэлэлцсэн. Хувьчлалын асуудалд Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн энэ хуралдаанд Ч.Сайханбилэг болон “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхон нар оролцож гишүүдийн асуултад хариулт өгч байсан. Тэгвэл энэ асуудал өнөөдөр ч үргэлжилсээр, үнэн, худлыг харилцан шидэлцэж нэгнийгээ алдахыг анаж сууна.

Сүүлийн үеийн мэдээллээс хэн хэн нь ямар мэдэгдэл хийснийг товч хүргэвэл:

-Энэ сарын 17-ны өдөр болсонМАН-ын УЗ-ийн хурал, 18-нд хуралдсан Засгийн газрын хурал дээр УИХ-ын дарга М.Энхболд оролцож “Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна гэх мэдээлэл цацагдсан.

-Уг мэдээллийг энэ сарын 23-нд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа үгүйсгэж, "Өнгөрсөн долоо хоногт худал мэдээлэл цацагдсан. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн талаар яригдаагүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт зарчмын дагуу байнгын хороодод дүгнэлтээ танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл УИХ-д суудал бүхий намын бүлгүүдэд танилцуулна.” гэв.

-Өчигдөр буюу энэ сарын 24-нд мөн л 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсан асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Гэхдээ шаардлагагүй гэж үзсэн бололтой АН-ын гишүүдэд материалыг нь тараагаагүй аж. Тиймээс АН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авч сунжрахаар болов. Ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг Засгийн газар дур мэдэн, сонгуулийн хугацаа тулсан эгзэгтэй үед хүний нүднээс далдуур хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Мөн бусад хэд хэдэн хууль , тогтоол, олон улсын гэрээ зэргийг зөрчсөн.” гэсэн юм.

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мөн энэ үеэр “Худалдаа хөгжлийн банк тойрсон хүмүүс банкны хуулийн энэ үндсэн зарчмыг зөрчиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж, төрийн өмчийн газруудыг элдэв аргаар өөрийн болгох үйл ажиллагааг 4-5 жил явуулсан байна.” гэж дүгнэжээ. Эрх баригчдын зүгээс тус үйлдвэрийг 100 хувь төрд авна гэсэн санал гаргаад буй.

Тэгэхээр дээр МАН-ын бүлгийн даргын үгүйсгэсэн мэдэгдэл намын даргын нэрийг халхалж, байнгын хороогоор шийдвэрлэсэн байдлаар гаргаж ирэх түр аргацаасан заль байсан уу гэсэн хардлагыг төрүүлэв. Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан ажлын хэсгийн дүгнэлтийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

-Мөн өчигдөр дээрх мэдээллийн дараа Эрдэнэтийн 49 энгийн хувьцааг худалдан авагч тал болон ХХБ, тус үйлдвэрийн ТУЗ-ийн төлөөллүүд оролцсон хэвлэлийн бага хурал болсон юм. "Монгол зэс" корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар “нэгдүгээр сарын 10-ны өдөр ажлын хэсэгт миний бие, Ганболд, Орхон бид гурав ажлын хэсгийн асуултанд хариулсан. Хариултыг маань ажлын хэсгийн дүгнэлтэнд тусгаагүй нэг талыг барьсан харамсаж байна.”гэж байлаа.

Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Энэ 49 хувь бол ОХУ-ын талд байсан хувьцаа. Эсвэл 51 хувьд тавих нь хяналт сайжраад ирэхээр шахааны бизнес хийдэг улс хохирох гээд байгаа юм болов уу гэх эргэлзээтэй асуудал гарч байна. Хэрэв бид гурав дахь этгээдэд шилжүүлэх юм бол буцаагаад дээрээс нь 100 сая долларыг нэмж төлнө, буцаад орос технологид өгсөн 400 сая дээр нэмээд 100 сая ам.долларын торгууль төлнө.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байнга нэг талыг барьсан өрөөсгөл дайралт хийж байгаа нь хувийн ашиг сонирхол байна гэж харахаар сонирхол татаж байна." гэсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн, ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “400 сая ам.долларыг ганцхан магадлангаар олгосон мэтээр мэдээлж байна. “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд мөнгө угаасан, ямар нэгэнхууль, гэрээ зөрчсөн асуудал үүсгээгүй. Монголбанк жилд банкны үйл ажиллагааг хоёр удаа шалгаж, хяналт тавьдаг. УИХ-ын ажлын хэсэг банкыг хянахгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд” Гомдолгүй, хохиролгүй, хохирогчгүй байхад улс төрчдийн амнаас л үүнийг эсэргүүцсэн үг гарч байгааг сонгуультай холбож тайлбарлаж болохоор байна. Ямар ч бараа шахсан байсан 20-30 хувийн ашиг олдог гэдгийг бид мэднэ. Гэтэл 15 дахин нугалж өгдөг бизнес байж болохгүй. Ийм бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дургүйцэж байгаа хүмүүс, сонгуульд ялсан хэргээ гаргаж чадахгүй байгаа хүмүүс, үүнээсээ болж санхүү нь шатаж байгаа хувь хүн, албан байгууллага байхыг үгүйсгэхгүй. Ийм хүмүүс илрэхий ийм бүтэхгүй дүгнэлтүүд гаргаж байгаа нь харагдаж байна.” гэж байр сууриа илэрхийллээ. Хэвлэлийн хурлын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.

-Сүүлийн үед бас нэгэн яриа нийгэмд эрчээ авлаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн” хэмээн мэдээлж байсан.

-Гэтэл энэ сарын 19-ний өдөр энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Нямдорж гишүүн “Намайг Хууль зүйн сайд байхад хийгдсэн шахаа” хэмээн үг алдаж, үйлдлээ хүлээн зөвшөөрчээ. Энэ шахааг түүний хүү хийсэн гэх. Харин тэрээр сэтгүүлчдийн “Таны хүүг 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж байна. Энэ үнэн үү?” гэсэн удаах асуултад бүдэрч “аль дивангарын юм яриад байна уу” гэж ам алдсан байна.

Ийнхүү хэд хэдэн удаа ажлын хэсэг шалгалт хийж, дүгнэлтийг нь хэлэлцэж байгаа ч шийдэгдэхгүй байгаа энэ асуудлын гол нь асар том мөнгөний урсгал гэж ойлгож болох юм.

Тиймээс энэ мэтчилэн улс төрчдийн харилцан шидэлцэж тоглох үнэн, худлаар бүрсэн бөмбөг болж хувираад буй Эрдэнэт үйлдвэрийн энгийн хувьцааны асуудал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл үргэлжлэх нь лавтай. Эс бол эрх баригчид илт давуу байдлаа ашиглан Эрдэнэтийг төрд 100 хувь авч шийдвэрлэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ бусад нь дуугүй хараад суухгүй л болов уу. Энэ толгой эргэм мэдээлэл, мэдэгдлүүдээс чухам аль нь үнэн, худал болохыг цаг хугацаа л харуулна. Харин одоохондоо шударга үнэнийг тогтооход бэрх. Сонгууль ойртсон шүү дээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ