Ажил хэрэг үү, захиалгат явуулга уу?

Тендерийн хэргээр шалгагдаж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр 18:00 цагийн орчимд АТГ-аас 19:00 цагт ирж мэдүүлэг өгүүлэхээр дуудсан тухай бид мэдээлсэн. Энэ нь энгийн нэг мэдүүлэг авах АТГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа байсан уу, Н.Алтанхуягтай холбоотойгоор нийгэмд тархсан өс хонзонгийн үйл явц байв уу гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч Н.Алтанхуяг тус газарт очиж мэдүүлэг өгсөн байна, төд удалгүй ч гарч ирсэн юм.
Түүнийг мэдүүлэг өгч байх үеэр Ардчилсан Намын даргад хамт өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-ын гадаа ирсэн байв. Тэрээр АН-ын даргын сонгууль гуравхан хоногийн дараа болох гэж байхад нэр дэвшигчийг нь барьж, хорьж болохгүй гэсэн байр суурьтай байлаа.
АН-ын даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг АТГ-т дуудагдсаны дагуу ирж, өмгөөлөгчтэйгээ байцаалтад орсон юм. Энэ үйл ажиллагаа нь АН-ын даргын сонгуультай холбоотой хэмээн тэрээр тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл, түүний хэлснээр бол Н.Алтанхуягийг АН-ын дарга болчихож магадгүй гээд зохион байгуулалттайгаар тодорхой хэсэг бүлэг хүмүүс шөнө болсон хойно дуудуулсан гэж байгаа юм. Мөн тэрээр "Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нь нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж бодож байна. Надад хийсэн янз бүрийн хэрэг байхгүй.” гэсэн юм.
Мэдээж энэ үед элдэв янзын таамгууд гарахын зэрэгцээ Н.Алтанхуягийг яллагдагчаар татаж, баривчлах тогтоол үйлдэж байгаа тухай түүний туслах С.Тамир мэдээлсэн гэх. Хэрвээ түүнийг хойшлуулашгүй ажлын хүрээнд баривчлах юм бол хоёр сар хүртэл хугацаагаар саатуулах байв. Харин өчигдөр тийм зүйл болсонгүй. Тэгэхээр түүнээс мэдүүлэг аваад л явуулсан нь улс төрийн зорилго байсан гэж үү? Ажлаа хийж байгаа хүмүүсээр далим үүсгэн харин өөрөө улс төржиж байгаа юм биш биз гэсэн хардлага ч байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс ч өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тус газраас “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19:00 цагт хүрэлцэн ирсэн. Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч, төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.
Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна.” гэв.
Харин холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар тэд мэдээлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Ямартай ч АН-ын даргын сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд тодорхой асуудлаар шалгагдаж байгаа нэр дэвшигч Н.Алтанхуягийг ийнхүү дуудсан нь өчигдөр олны анхаарлын төвд орсон юм. Гэвч дотор юу болсон талаар хэн ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тиймээс сонгуульд нөлөөлөх оролдлого байв уу, хуулийн байгууллагынхны ажил энэ цаг үед ингэж таарав уу гэдэг нь бүрхэг хэвээр үлдлээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ