Фракцуудаас хамааралгүй лидертэй болохыг зорьж байгаа

Ардчилсан намын дарга З.Энхболд “Түшээ” дээд сургуулийн санал авах байранд саналаа өгөв. Тэрбээр:
-Энэ сонгууль нэг намын дотоод ажил юм шиг боловч Монгол Улсын төрийг сүүлийн 26 жил тасралтгүй бүрдүүлж яваа юм. Бид стандартын хувьд төрийн сонгуулиас дутахгүй явуулах зорилго тавьсан. Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт санал хураах байр нээгдсэн. Бид анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглож хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин Ардчилсан нам анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна.
Энэ нь манайд тулгамдаж байгаа мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой. Мөн фракцуудаас хамааралгүй нийт гишүүдээс дэмжлэг авсан лидертэй болох зорилгыг агуулж байгаа юм. Бид Ардчилсан намынхаа шинэчлэлийн том алхам хийлээ. Цаашид намын шинэчлэл олон жил үргэлжлэх байх. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл гэх мэт олон ажлыг давхар амжуулж байна. Татвараа төлсөн 120 мянга орчим хүнийг хамруулж сонгууль зохион байгуулахын тулд ихээхэн хэмжээний мөнгө шаарддаг юм байна. Өнөөдөр олон хүн сайн дураараа, цалингүй ажиллаж байгаа. Орой сонгуулийн дүн гарна. Нийт таван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Хэн ч сонгогдсон байсан бусад дөрвөн нэр дэвшигч дэмжиж ажиллах болно гэж амалсан. Тэр амлалт хэрэгжинэ гэж бодож байгаа хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ