Говийн бүсийн тэмээчид зөвлөлдөв

Баянхонгор аймгийн Баянговь сумын Засаг даргын тамгийн газар, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, хамтран "Говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөн"-ийг энэ сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэ жинст, Хуучин жинст, Богд сумын нийт 60 гаруй тэмээчид оролцсон юм. Түүнчлэн Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон Алт" төсөл, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны төлөөлөл, Тэмээ судлаач эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн төлөөлөл зөвлөгөөнд оролцсон юм. Зөвлөгөөний гол зорилго бол Баянхонгор аймгийн говийн бүсийн малчдыг хооронд нь уулзуулж, танилцуулах, ахмад туршлагатай малчдын тэмээ маллаж ирсэн болон бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, ашиглаж ирсэн туршлагыг залуу малчдад сонсгох, өвлүүлэх боломжийг бүрдүүлэх явдал юм.

Зөвлөгөөний эхний өдөр тэмээчиддээ зориулж "Ногоон Алт" төслийн багийнхан, судлаач эрдэмтэд маань бэлчээр нутгаа хэрхэн зүй зохистой ашиглах, хамгаалах, тэмээний үржил, амьдын ашиг шим тухайлбал, сүү, ноосны ашиг шимийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үйлдвэрлэгчид маань тэмээний гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрхэн нэмүү өртөг шингээж дэлхийн зах зээлд гаргах боломж байгаа вэ, цаашид малчид, үйлдвэрлэгчид хэрхэн хамтран ажиллавал үр дүнтэй байх талаар санал бодлоо солилцож, ахмад туршлагатай аварга малчдынхаа үнэтэй зөвлөгөөг ч бас сонссон юм. Мөн энэ үеэр үйлдвэрлэгчид маань тэмээний сүү, торомны ноос, сарлагийн хөөврөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээжээр үзэсгэлэн гаргаж тэмээчиддээ толилууллаа. Зөвлөгөөнд оролцогсод сүүлийн жилүүдэд тэмээ бүхий аймаг, сумдад тэмээний баяр их тэмдэглэдэг болсон, баяр тэмдэглэхээсээ гадна малчдын мэдлэгт нэмэр болохуйц бэлчээрийн зүй зохистой ашиглалт, цөлжилт гэх мэтчилэн олон асуудал дээр бие биенээсээ суралцах, туршлага солилцох тал дээр илүү үр дүнтэй ийм зөвлөгөөн хийж байх хэрэгтэй юм байна гэцгээж байв.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр говийн сумдын тэмээчдийнхээ дунд "Хурдан торомны уралдаан", "Сайхан тэмээтэй хос", "Сайхан буур" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, их говийн чимэг болсон тэмээн эрдэнээ цэнгүүлэн наадсан юм. "Сайхан буур" шалгаруулах тэмцээнд арван буур оролцсноос Баянговь сумын Д.Энхтөрийн Хүрэн буур нэгдүгээр байр, н.Одонбаярын Хүрэн буур хоёрдугаар байр эзэлсэн бол мөн тус сумын н.Сүрэнхорын Хүрэн буур тусгай байрт шалгарлаа. Харин "Сайхан хос"-ын тэмцээнд Баянговь сумын Сэр-Од, Нямсүрэн нар түрүүлж, Өлзийбүрэн, Оюунбилэг нар удааллаа.

Тэмээчдийн зөвлөгөөнд оролцогчид тэмээчид, малчдын өмнө тулгамдаж байгаа бэлчээр, мал маллагаа, түүхий эдийн асуудлаар санал солилцсоны үндсэн дээр Аймгийн ХХААГ,говийн бүсийн Баянговь, Баянлиг, Богд, Жинст, Шинэ жинст, Баянцагаан, Баян-Өндөр сумдын ЗДТГ, Бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоод, малчид хамтран 2017 онд сум бүрт хэрэгжүүлэх ажлаа нэгтгэн зөвлөмж гаргасан юм. Энэхүү зөвлөмжид тэмээний самнасан ноосыг малчдын байгууллага бэлтгэж зах зээлд гаргах, доройтсон бэлчээрээ нөхөн сэргээх, талхагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулах, сүргийн бүтцийг зохистой барих, нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, Монгол тэмээний генийн удмын санг цэврээр нь хадгалах, ашиг шимийн буруулахгүйгээр хадгалах үүднээс хавтгай тэмээтэй хяналтгүйгээр үржүүлэгт оруулахыг хязгаарлах гэх зэргийн 13 асуудал тусгагдсан бөгөөд түүний дагуу хэрэгжүүлсэн ажлаа ирэх жилийн мөн үед дүгнэж, дараа жилийн ажлын зөвлөмжөө гаргаж байхаар тогтсон юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ