Дарханаас шөнийн тээвэрлэлт хийхийг хориглосон шийдвэрийг өөрчлөх үүрэг өглөө

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай танилцаж, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын холбогдох албаныхантай ажилласан билээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийнхаа зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ.
Мөн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх Хараа голын төмөр бетон гүүрийн нөхцөл байдлыг танилцуулав. Сайд Д.Ганбат тус гүүрний нөхцөл байдалтай биечлэн танилцаж, холбогдох мэргэжлийн албаныханд яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн юм.
Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөн шинэчлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Авто вокзал болон тээврийн хэрэгслийн үзлэг хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус вокзалаас шөнийн тээвэрлэлт явуулахгүйн тулд 20 цагаас хойш албан ёсны зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зогсоодог байжээ. Энэ нь "хулгайн тээвэр" нэмэгдэх үндэслэл болж байна хэмээн үзэж салбарын сайд энэхүү шийдвэрийг өөрчлөх үүргийг холбогдох албаныханд өглөө.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ