Р.Бат-Эрдэнэ: ҮАГ-ын тайланд МУИС суурь төлбөр авч байгааг буруутгасан байсан

МУИС-ийн оюутнууд үндэслэлгүйгээр суурь хураамж 224000 төгрөгийг авдагийг эсэргүүцэж 1-р байрны гадаа 13:00 цагт жагсахаар болсон юм. Энэхүү хураамж оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулагдах ёстой байтал сургууль дээрх нам дагасан бүлэглэлүүдийн тансаглал гадаад, дотоод аялал зугаалганд зориулагддаг гэж оюутнууд үзэж байна.
МУИС нь улирал бүр бакалаврын түвшний оюутнуудаас 224 мянган төгрөг, магистр болон докторын түвшин суралцаж буй оюутнууд 336 мянган төгрөг төлдөг. Ингэхдээ хэрэв улирлаар болон жилээр чөлөө авах, өнжих тохиолдолд ч энэхүү суурь хураамжийг төлөх ёстой гэсэн шинэчилсэн журам гарсан байдаг. Ийм төрлийн суурь хураамжийг улсын бусад сургуулиуд авдаггүй аж. Тиймээс яагаад зөвхөн МУИС авч байгааг оюутнууд тайлбарлахыг шаардаж байлаа.
Маш олон жил яригдаж байгаа энэ асуудал нэг яригдаад л нам жим болдог тул энэ удаа асуудлыг эцэслэх хүртэл тэмцэнэ гэдгээ тэд дуулгасан юм. Оюутнууд “Бид сургуульдаа мөнгө өгч болно. Гэхдээ тэр мөнгийг юунд зарцуулж байгааг л асууж, шаардаж байна. Бидний адил улсын их, дээд сургуулиуд барилга байгууламжийн чанар нь сайжирч байна. Гэтэл манай сургууль хэвээрээ л байгаад байгаа. Сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлсэн ч хариугаа авахад номын сангийн ном бүрдүүлэлт, сургалтын орчинд ашигладаг гэсэн цаасан дээрх хэдэн тоо өгсөн. Гэтэл нүдэнд ил хийсэн зүйл юу ч байхгүй байна. Өнгөрсөн жил энэ суурь хураамжийн мөнгө 5.8 тэрбум төгрөг болсон гэсэн” гэж ярилаа.
Тэгвэл энэ асуудлаар МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн өгсөн тайлбарыг хүргэе.
-МУИС энэ онд хэдэн оюутан элсүүлсэн бэ?
-Хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу МУИС энэ онд элсүүлэх оюутны тоогоо Удирдах зөвлөлөөрөө батлуулсан. Ингэхдээ стратегийн төлөвлөгөөнд тусгасны дагуу бакалаврын түвшний элсэлтийг нэмэгдүүлэхгүй, харин ч аажмаар багасгаж, судалгааны ажлын үндсэн бүрэлдэхүүн болдог магистр, докторын оюутны тоо, хувийн жинг нэмэгдүүлэх чиглэл баримталсан. Энэ онд манай элсүүлсэн оюутны тоо 2014 оны түвшинд байгаа. 2015 онд ерөнхий боловсролын сургууль төгсгөгчдийн тоо өмнөх оныхоосоо хоёр дахин бага байсантай холбоотойгоор өнгөрсөн жил цөөн оюутан элсүүлсэн юм.
Сүүлийн хоёр жилд МУИС өдрийн ангийн элсэлтээ онлайн горимоор зохион байгуулж, олон нийтэд нээлттэй ил тод явуулж байна. Иймээс урьд өмнө элсэлтийн журмаасаа гадуур оюутан элсүүлсэн тухай гардаг байсан хардлагаас ангижирсан гэсэн үг. Харин зарим иргэд хүүхдээ МУИС-д суралцуулахаар яамны удирдлага, УИХ-ын гишүүдэд өргөдөл хүсэлт гаргасныг манайд шилжүүлж өгсөнд нь журмаа тайлбарлаж хариу өгсөн. Үүнд дурамжхан үлдсэн хүмүүс цөөнгүй байгаа байх. Бид элсэлтийн үйл ажиллагаанаасаа эхлээд энэ сургуульд ёс суртахууны зөв хэвшил соёл болох ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Таныг хөрөнгө мөнгөний томоохон зөрчил гаргасан гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ талаар тодруулж өгнө үү.
-25 дугаар суваг телевизээс сурвалжлагч ирж асуух зүйл байна хэмээн уулзсан. Олон нийтийн мэдээллийн сайтад надтай холбоотой мөнгө хөрөнгөний зөрчил гаргасан тухай мэдээлэлд ямар хариу өгөх вэ гэж асуусан л даа. Би тэр үед хаана ямар мэдээ гарсныг огт мэдээгүй байсан тул “хэрэв зөрчил гаргасан бол хянадаг шалгадаг байгууллага нь шалгаж дүгнэсний дараа тодорхой болно биз” гэсэн байдлаар хариу өгсөн. Харин дараа нь “24 цаг” гэдэг сайтад намайг 5.8 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний зөрчил гаргасныг Үндэсний аудитын газар тогтоосон гэж бичсэнийг олж үзсэн. Өнгөрсөн 11 дүгээр сараас төрийн өмчийн их сургуулиудад Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит эхлүүлсэн юм. Тэдний мэргэжилтнүүд манайд нэлээд хугацаагаар ажиллаж санхүүгийн үйл ажиллагаа хэвийн, зарим тохиолдолд бусад байгууллагад үлгэр болох хэмжээнд хэвшиж байна гэсэн байр суурь илэрхийлж байсан атал тайланд нь үндэслэл нотолгоогүй дүгнэлтүүд бичигдсэн байсныг бид нягтлуулахаар нэмэлт баримт мэдээлээлтэйгээр хүргүүлсэн юм. Одоогоор бидний хүргүүлсэн материалыг хэрхэн үзэж байгаа талаараа хариу мэдэгдээгүй байна. Тэдний урьдчилсан тайланд МУИС нь сургалтын суурь төлбөр авч байгааг буруутгасан дүгнэлт байсан. Үүнээс өөрөөр хөрөнгө мөнгөний зөрчилд холбогдуулахаар дүгнэлт байгаагүй.
-Танай сургууль суурь төлбөр авч байгаа, энэ нь хууль бус гэх яриа өрнөж байсан. Суурь төлбөр гэж юуг хэлээд байна вэ?
-Их сургуулиуд яагаад кредит буюу багц цагт суурилсан сургалтын зохион байгуулалтад шилжив, үүнтэй холбоотойгоор санхүүгийн систем нь яаж өөрчлөгдөв гэдэгтэй холбоотой л доо. МУИС суурь төлбөрийг ялган тогтоосноор нийтлэг үйлчилгээний төлбөрийг давхардуулан авахыг зогсоосон. Суралцаж байгаа оюутан өөрийн боловсрол эзэмших үйл явцын эзэн байж, аль хичээлийг хэдийд сонгон үзэхээ шийддэг зарчимд шилжихээр бид бүр 1990-ээд оны эхээр чигээ тогтоосон. Гэвч энэ шилжилт олон жил сунжирч бүрэн гүйцэд болоогүй байсныг сүүлийн 3 жилд МУИС өөрийнхөө хүрээнд гүйцээн хэрэгжүүлж байна. Ингэж оюутан бүр өөрийн сонирхол, боломжид тулгуурлан сонголт хийж байгаа тохиолдолд төлбөр тооцооны систем ч үүнд нийцсэн байх учиртай. Иймээс 2011 онд МУИС-ийн Удирдах зөвлөл сургалтын төлбөрийн хэмжээг оюутны сонгох хичээлийн багц цагийн төлбөр (tuition) болон нийтлэг авах үйлчилгээний суурь төлбөр (fees)-ийн нийлбэр байхаар тогтоосон нь манайхтай ижил төстэй гадаадын сургуулиудад нийтлэг жишиг болсон практик юм. Оюутан бүр хэдэн кредитийн хичээлийг тухайн семестрт сонгон судалж байна, түүндээ таарсан төлбөрийг улирал, улиралдаа төлөх боломжтой болсон. Өмнө нь бол оюутны хичээлээ сонгох боломж бүрдээгүй байх үед бүх оюутныг нэгэн ижил хичээл судлуулахаар сургууль нь урьдчилан оноож, түүнд харгалзуулан төлбөрийн хэмжээг бүхлээр нь нэгэн ижил хэмжээгээр тогтоож авдаг байсан. Өнөөдөр ийм байдлаар үргэлжлэх ёстой гэж үздэг хүмүүс байсаар байна.
МУИС-ийн зардлыг задалж үзвэл захиргаа, аж ахуй, шуудан холбоо, сургалтын алба, мэдээллийн технологи, номын сан, хичээл практик, багш ажилтны цалин хөлс, халаалт, цахилгаан, цэвэр, бохир ус ашиглалтын гэхчлэн бүрдэл хэсэгтэй аж. Үүнээс:
-Байрны ашиглалтын зардлыг улсын төсвөөс хариуцдаг.
-Оюутан хэдэн хичээл сонгохоос хамааралгүй гардаг зардал буюузахиргаа, аж ахуй, шуудан холбоо, сургалтын алба, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, номын сан, цэвэрлэгээ, урсгал засвар, ажилтан, ажилчдын цалин хөлс зэрэг нь нийтлэг үйлчилгээний зардал бөгөөд үүнийг суурь төлбөрөөс санхүүжүүлж байна.
-Хичээл сургалттай шууд холбогдох багшийн цалин, тэднийг хөгжүүлэх зардал, хичээл практик, сургалтын лаборатори, кабинетын багаж хэрэгсэл, түүхий эд, урвалж бодис, ашиглалтын зардлыг багц цагийн төлбөрт шингээсэн байгаа юм.
Үүний дүнд оюутан хүн сонгосон хичээлийн тооноосоо хамааран нийтлэг үйлчилгээний зардлыг дахин дахин давхардуулан төлөхөөс хамгаалсан зарчим аж. Олон улсын их сургуулиудад баримталдаг сургалт, нийтлэг үйлчилгээний төлбөрийн задаргааны энэ зарчим бол 1990-ээд оноос хойш хэрэгжүүлэхийг зорьж буй кредитийн системд шилжих үйл явцын үндсэн зарчим гэдгийг боловсролын салбарынхан ч ойлгож, нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хэлсэн юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ