50 ортой хүүхдийн тасгийг үргэлжлүүлэн ажиллуулна

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэнтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яам Цэргийн төв эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасгийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нээн ажиллуулж эхэлсэн билээ.

Цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж нээсэн 50 ортой шинэ тасагт өнөөдрийн байдлаар 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 24 цагийн дотор 20 гаруй хүүхэд эмчлүүлэхээр зорьж ирдэг байна. Харин амралтын өдрүүдээр ачаалал их байдаг аж.

Тус тасаг нь нийт 50 ортой 11 өрөөнд сард 250-300 хүүхэд хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөдэрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг хүүхдийн 9 эмч, 15 сувилагчдыг туршлага, ур чадварыг нь харгалзан сонгон ажиллуулж байна. Эрүүл мэндийн яамнаас амьсгалын аппарат, судасны шахуурга, өвчтөний монитор, соруулгын аппарат, хүчилтөрөгч зэрэг 67.8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бол тус эмнэлгийн ажилчид өөрсдийн санаачилгаар 2 сая гаруй төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл авчээ.

Тус эмнэлэг нь одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 8,13,16,17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10,13 дугаар хорооны иргэдэд үйлчилж байгаа юм. Цаашдаа энэ тасгийг хэвээр ажиллуулж мөн хүүхдийн сувилал нээх бодлого барьж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ