Галт тэрэгтэй холбоотой осол хэргүүдийг шалгаж байна

Нэгдүгээр сар гарсаар Төмөр замын аюулгүй бүсийн дэглэм зөрчигдөн иргэд галт тэргэнд мөргүүлэн амь насаа алдах тохиолдол олонтаа гарсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Толгойт өртөөний зам дээр ойролцоогоор 17-18 насны 2 оюутан охин галт тэргэнд дайруулж газар дээрээ нас барсан, Амгалан өртөө - Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлж бие хүнд байгаа зэрэг осол цөөнгүй гарсан юм. Галт тэрэгтэй холбоотой зарим осол хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Толгойт өртөөний зам дээр хоёр охин галт тэргэнд дайруулж амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг шалгаж дууссан уу?
-СХД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УБ төмөр замын 395 дугаар замд хоёр эмэгтэй галт тэргэнд дайрууллаа гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу шалгаж "Шинэ" анагаах ухааны их сургуулийн оюутнууд болох нь тогтоогдсон. Осол болсон гэх газар нь төмөр зам дээгүүр явган хүн гарах зориулалттай таван гишгүүр бүхий шаттай гарамтай түүнээс урагш 3 метр зайд "Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжил", "Анхаар төмөр замын аюултай бүс", "Анхаар нохойтой" гэсэн бичиг бүхий самбар байрлуулсан байдаг. Талийгаач оюутнууд төмөр замын дээрх гарамаар зогсдог Нефтийн буудлаас сургууль руугаа явахдаа болон сургуулиасаа гэр лүүгээ явах автобусанд суухаар Нефтийн буудал руу явахдаа нэвтэрч гардаг маршруттай болох нь тогтоогдсон.
-Амгалан өртөөнд болсон ослын тухайд?
-БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын Зам засварын машинт станцын 2 дугаар ангийн аж ахуйн хашаан дахь 2 дугаар зам дээр зогсож байсан вагонуудыг залгаж авах сэлгээг хийж байх үед Л нь хавчуулагдаж нас барсан мэдээллийг шалгасан. Улмаар Л нь машинчийн бүхээгнээс холбогч найруулагч байгаа газар нь харагдахгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал, машинч болон холбогч найруулагч нар хоорондоо холбоо барьж мэдээлэл солилцох ажлын багаж хэрэгсэл болох ICON гар станц унтраалттай байдлаар хэргийн газар ажиллаж байсан. Уг станцын ажиллагааг шалгахад хэвийн ажиллаж байсан болно. Мөн тус дүүргийн 25 дугаар хороонд У нь галт тэргэнд шүргүүлсэн гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийг шалгахад У нь шүргүүлээгүй бөгөөд хөдөлгөөн үйлдэн явж байгаа галт тэрэгний салхинд цохигдон унасан байдал тогтоогдсон.
-Хөдөө орон нутагт гарсан ослын тухайд?
-Сэлэнгэ аймагт Ц галт тэргэнд мөргүүлж нас барсан хэрэг гарсан. Уг хэргийг шалгахад төмөр замын голоор алхаж байгаад галт тэрэг ирэхэд холдох гэж байгаад галт тэргэнд мөргүүлж нас барсан нь тогтоогдсон. Тэрбээр хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.
Дээрх хэргүүдэд ЭХТА-ын 217 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ