Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өмнөх хуулиас юугаараа ялгаатай вэ?
Шинэ хууль нь өмнөх хуулиасаа урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгаж өгснөөрөө онцлог болжээ. Урьдчилан сэргийлэх асуудлыг олон улсын түвшинд ч манайд хэрэгжиж байгаа хуулийн түвшинд нь гурав ангилан авч үздэг байна.
Энэ дагуу шинэ хуулинд:
Нэгдүгээрт, Гэр бүлийн хүчирхийллийг ерөөсөө гаргахгүй байх. Тодруулбал, нийгэм өөрөө соён гэгээрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ, иргэд ямар эрхтэй вэ, миний эрхийг зөрчвөл хүчирхийлэл мөн үү, би ямар үйлдэл бусдын эрхийг зөрчих вэ гэдгийг цэцэрлэгээс нь эхлээд заадаг байх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаг байх ёстой гэж тусгажээ.
Хоёрдугаарт, Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн эргэн тойронд байгаа хүмүүс хор хөнөөл аюулыг нь мэддэг, мэдээлдэг, зайлшгүй тохиолдолд үүрэг хүлээдэг байх ёстой аж. Насанд хүрээгүй хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд хүчирхийлэлд өртсөн байвал тэдний үүргийг бусад иргэд гүйцэтгэх ёстой аж. Учир нь тэд өөрсдөө мэдээлж чаддаггүй.
Гуравдугаарт, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн дахин өртүүлэхгүйн тулд тодорхой хэмжээний үйлчилгээнүүдийг төрөөс үзүүлнэ. Өмнөх хуулинд энэ үйлчилгээнүүдийг заасан байдаг ч хэн ямар журмаар ямар хүрээнд юу үзүүлэх вэ гэдэг зааг ялгаа тодорхойгүй байсан. Харин шинэ хуулиар бүгдийг нь тодорхой тусгаж, зохицуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн болон захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
2004 оны хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хуулийг зөрчил эсвэл иргэний маргаантай адилтгаж үздэг байжээ. Хариуцлагын асуудлыг эрх хязгаарлах арга хэмжээ буюу хохирогчтой уулзахгүй байх эсвэл тусдаа амьдрахыг даалгадаг зэрэг зургаан төрлийн арга хэмжээ авдаг байсан аж. Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихэд бэрхшээлтэй, тэр бүр хэрэгждэггүй байсан гэнэ. Харин шинэ хуулийг дагаад Эрүүгийн хууль, захиргааны хариуцлагын хуульд өөрчлөлт оржээ. Тодруулбал, гэр бүлийн гишүүнийхээ эрх, эрх чөлөөнд халдсан, тодорхой эд хөрөнгө, захиран зарцуулах эрхэд нь халдсан, бие мах бодид халдсан үйлдлүүдийг гурав буюу түүнээс дээш байнга үйлдсэн бол гэмт хэрэгт, нэг удаа ч юм уу бие махбодид нь хохирол учруулахгүйгээр халдсан бол зөрчилд тооцож байгаа юм байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтыг бие мах бодийн, сэтгэл санааны, эд хөрөнгийн, дарамт зовиур байнга учруулсан хүнд хариуцлага хүлээлгэх хамгийн эхний эрхзүйн орчинг захиргааны хариуцлагын тухай хуулиар тодорхойлох аж. Эхний тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулахаар заажээ. Мөн баривчлах шийтгэлийг дагалдаж, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалт, нөлөөллийн арга хэмжээг мөн энэ хуулин дээр тодорхойлсон байна. Гурав ба түүнээс дээш удаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна. Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 7-30 хоног баривчилна.
Гэр бүл хүчирхийлэгчийг албадан сургалтад хамруулна
Гэр бүл хүчирхийлэгчийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтад заавал суулгана. Эрүүгийн хуульд хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ. Хүндрүүлэх нөхцөл нь бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халдсан гэж үзнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь хэн нэгнийг яллаж, шийтгэх зорилготой биш. Урьдчилан сэргийлэхийг түлхүү зохицуулжээ. Зан үйлд нөлөөлөх албадан сургалт нь хоёр хэлбэрээр явагдана. Хүн өөрөө сайн дураараа хүсэлт гаргаад оролцож болно. Эсвэл хүчирхийлэгч этгээд баривчлагдсан тохиолдолд цагдаагийнхан, хорих ял авсан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан сургалтанд суулгах юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй зөвхөн цагдаагийнхан тэмцэхгүй
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг ажиллах юм. Хамтарсан багт анхан шатны нэгжид ажилладаг албан хаагчдыг хамаарах аж. Тодруулбал, цагдаагийн алба хаагч, өрхийн эмч, нийгмийн ажилтан, хороо дүүргийн ажилчид, засаг дарга, сургуулийн багш нар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэн ажиллана. Асуудлыг бууруулахад хүчирхийлэл гаргахгүй байхад анхаарч ажиллах юм. Харин бодлого төлөвлөлтийн түвшинд холбогдох яамд нь хамааралтай асуудлыг хамтран шийдвэрлэж, журмаа баталж, зохицуулалтаа төлөвлөөд ажиллахаар тусгажээ.
Хохирогчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хэд хэдэн төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэхээр хуулинд тусгасан байна.
Нэгдүгээрт, Хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ. Тодруулбал, дуудлагын дагуу хамгийн түрүүнд цагдаагийн байгууллага очиж, гэмт хэргийг таслан зогсоох. Дараа нь хохирогчийн аюулгүй байдалд байрлуулна.
Хоёрдугаарт, Нэг цэгийн үйлчилгээ. Тухайлбал, хохирогч эмнэлэгт үзүүлэхэд эмнэлгийнхэн анхан шатны тусламж үзүүлж, нийгмийн ажилтан сэтгэл зүйг нь засахаар хуульчилж өгчээ.
Гуравдугаарт, Нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээг халамжийн тухай хуульд заасны дагуу үзүүлнэ.
Дөрөвдүгээрт, Хууль зүйн зөвлөгөө
Тавдугаарт, Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хамгаалах байранд байрлаж байвал хүүхдийн онцлогт таарсан үйлчилгээг үзүүлэхээр хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ