“Зорчигч тээврийн нэгтгэл"-ийг тараах хүсэлт гаргав

“Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээдэл хийлээ.

Нийтийн тээврийн “Автобус-I”, ‘Цахилгаан тээвэр”, “Автобус-III” байгууллагуудыг нэгтгэн удирдлагын цомхон бүтцээр удирдан зохион байгуулж, ажил үйлчилгээг нь өргөжүүлэх зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулсан ч өнөөдөр байдал дээрдсэнгүй, улам дордсон тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон ярьж байлаа.

Нийтийн тээврийн компаниуд өнөөдөр ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч, одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж.

Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооны дарга М.Гэрэлчулуун хэлэхдээ “Цахилгаан тээврийн хэрэгсэл бол агаар орчин бохирдуулдаггүй, иргэдэд хямд үнээр үйлчилдэг. Ийм тээврийн хэрэгслийг цааш нь хөгжүүлээд, сайжруулаад явах байтал сэлбэг материалыг нь шийдээгүйн улмаас үйл ажиллагаа нь зогсчихоод байна. Үүнийг дагаад маш олон ажилчид хохирч байна. Одоогоор багадаа 6.5 тэрбум төгрөгийн алдагдалд орсон гэсэн мэдээ байна” хэмээв.

Мөн үйлдвэрчний хорооныхон цаашид нийтийн тээврийн “Автобус-1”, “Автобус-3” “Цахилгаан тээвэр” зэрэг компаниудыг хуучин бүтцээр нь ажиллуулах хүсэлт тавьж байгаа аж. Учир нь дөрвөн жилийн өмнө хийсэн энэ шинэчлэлийн хүрээнд хуучин 120 хүнтэй ажилладаг байсан дээрх компаниуд одоогоор 160 хүнтэй ажиллаж зардлаа нэмжээ. Энэ нь санхүүгийн алдагдал хүлээхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн тэд үзэж байгаа аж. Түүнчлэн сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал худалдан авах нэрийдлээр үнийн зөрүү гаргаж, мөнгө унагаадаг бизнес өнөөдрийг хүртэл тус салбарт байсаар байгааг хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо.

Хэвлэлийн хурлын үеэр бусад олон асуудлыг хөндсөн бөгөөд тэд хотын удирдлагуудыг нийтийн тээврийн салбарт анхаарал хандуулахгүй бол ажил хаялт, цаашлаад өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ