Л.Гансүхийн өмгөөлөгч Ерөнхий прокурорт хандаж гомдол гаргалаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өдгөө Төв аймгийн хорих ангид эл эдэлж буй. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган яллаж шүүхээс 3,6 жилийн хорих ял оноосон юм.

Тэгвэл хорих ангид ял эдэлж буй Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захиа илгээжээ. Мөн түүнчлэн магадлангаар суллагдах хугацаа нь болсон хэдий ч суллахгүй байгаа талаар өнөөдөр түүний өмгөөлөгч Г.Баасандорж Улсын ерөнхий прокурортой уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан ч байсангүй.

Ингээд тэрбээр тус газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбаттай уулзсан юм. “Л.Гансүхийн магадлан орж суллагдах хугацаа 2016 оны 11 дүгээр сард болсон. Гэтэл прокурорын байгууллага өнөөдрийг хүртэл гаргахгүй байна. Суллагдах бүрэн үндэслэлтэй хуулийн шаардлагаа хангасан гэж гурван удаа хандсан ч хоёр удаа материалыг буцааж дараагийнх тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Суллагдах хугацаа нь болсон байхад ялаа эдэлсэн хэвээр байна. Хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдаад байна. Тиймээс энэ асуудлыг Ерөнхий прокурорт тавьж гомдол гаргаж явна. Гэвч өөрөө байсангүй. Амарбат даргатай уулзлаа. Тэрбээр “Ерөнхий прокуророосоо өгсөн үүрэг даалгаврын хүрээнд асуудлыг нягталж шалгаж байгаа” гэсэн хариу өгч байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаж шийдэх байх гэдэгт найдаж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ