Танилц: Өчигдөр батлагдсан 7 хууль тогтоомж

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Дараа нь “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хаалттай горимоор хэлэлцсэн юм.

Ингээд оройн 19 цаг 07 минутад чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлж, эхлээд Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ хуулийн төсөлд ардчилсан хувьсгалын анхны ахмад зүтгэлтнүүдийг хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэгийн тухай хуульд зааснаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авч чадаагүй аж. Харин хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үеэр Улсын Бага Хурлын гишүүдэд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай санал дэмжигдсэн тул төслийн 7.1.3 дахь заалт, 10.2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т зааснаар дахин санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн санаачлан боловсруулж 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бүхэлд нь батлав. Хууль батлагдсанаар төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж баталлаа. Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарах юм. Харин ерөнхий боловсролын сургууль, их сургуүль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй юм байна. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй аж.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Улмаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.4 хувь нь дэмжив. Уг хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2019 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болж байгаа юм.

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хуралгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.4 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн 2017 оны төсөвт тусгагдаагүй татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх учир төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн дөрвөн салбарын хүрээнд нь дэмжээд, гарах үр дагаврыг нь тодорхой хугацаанд харах нь зүйтэй, иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай байна гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжжээ. Мөн татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг төсөлд нэмэх талаар гишүүдийн гаргасан саналуудыг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив. Уг хууль батлагдсанаар татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болж байгаа юм.

Үргэлжлүүлэн “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжжээ.

Байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн мөн 86.7 хувь нь дэмжив.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ