Орхон голыг бохирдуулсан хэргийг сэргээн шалгаж эхэлжээ

Прокурорын байгууллагаас Орхон голыг бохирдуулсан хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. 2010-2011 онд “Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг шалгаж байсан ч УЕПГ-аас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

“Алтандорнод Монгол”, “Монгол газар” компанийнхан тус голын эх дээр олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан, үлдэгдэл дээрээ ажиллуулснаар усыг нь маш ихээр бохирдуулсан байдаг.

Ц.Мянганбаярын хувьд 2014 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голд “Дөлгөөн цайдам”, “Өгөөж өлт”, “Шинэ Уянга” зэрэг компанийнхантай нөхөн сэргээлт хийх нэрээр гэрээ байгуулж, алт олборлуулсан үндэслэлээр 19.2 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн аж.

Харин саяхан тэдэнд холбогдох дээрх хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзэн сэргээж, яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ