Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх зөвлөлийн гишүүнээр ажиллахыг урьж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын (IDLO) хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд "Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал”-ыг боловсруулах төслийг хамтран хэрэгжүүлж байна. Тус ажил эхний ээлжид туршилтын байдлаар 6 сарын хугацаанд үргэлжлэх юм.Шүүхийн шийдвэрт олон улсын практикт нэвтэрсэн аргачлалаар дүн шинжилгээ хийх нь шийдвэрийг чанаржуулах, уялдааг сайжруулах, эрдэм шинжилгээ судалгаанд ашиглах зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чиг үүрэг бүхий хараат бус, өндөр ур чадвар бүхий Зөвлөл байгуулан ажиллуулахаар тогтсон болно.

Зөвлөлийн гишүүнээр эрүү, иргэн, захиргааны аль нэг эрх зүйгээр мэргэшсэн, шүүн таслах ажиллагааны арвин туршлагатай, нэр хүндтэй эрдэмтэн, судлаач, бүх шатны шүүгчид ажиллах боломжтой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсгийн зүгээс тус Зөвлөлийг бүрдүүлэх, ажиллах нөхцлийг хангах, үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Дүн шинжилгээ хийх шийдвэрийг санамсаргүй болон зорилтот түүврийн аргыг хослуулан сонгох бөгөөд Зөвлөлийн дүн шинжилгээ хийх аргачлал, холбогдох мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн зүгээс бэлтгэн танилцуулна.

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх сонирхол бүхий эрүү, иргэн, захиргааны аль нэг эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, шүүгчид өөрийн намтар, ажлын туршлага, эрдэм шинжилгээний бүтээлийн талаарх мэдээллээ урьдчилсан байдлаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд galbaatar @judcouncil.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатараас /цахим хаяг: galbaatar @judcouncil.mn, 51-261065 дугаарын утаснаас/ лавлана уу.

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ