Би алтан бөгж өгье, Та монетон хосоо бэлэглээрэй

“Эх орныхоо төлөө” санд хандив өргөхөө мэдэгдсэн цөөнгүй хүн бий гэх. Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж гарааг нь эхлүүлсэн уг санд хандив тусламж өгсөн хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэвлэлээр сар бүр олон нийтэд мэдээлж, цугласан мөнгийг төр засгийн эрх бүхий байгууллагуудын тодорхой албан тушаалтнуудад олон нийтийн өмнө хүлээлгэн өгч байхаар болсон билээ.
Ерөнхий сайд иргэдээс тусламж гуйх дээрээ тулаагүй байгаа гэж мэдэгдсэн ч иргэдээс авсан хандиваа өр төлбөрт өгөхгүй гэсэн нь нэрэлхүү зан гэлтэй. Эсвэл төр засаг нь сэтгэл гаргаж хандивын аяныг түрүүлж санаачлаагүйдээ бантав бололтой. Ирэх сараас бид евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлөх учиртай.
Аль нь ч байсан Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт уруудан доройтож байгаа нь энгийн иргэдэд ч ойлгомжтой болсон. Ганц жишээ дурьдахад, 10-50 төгрөгөөр бууруулсан шатахууны үнээ өчигдрөөс энд тэнд 100 төгрөгөөр нэмлээ. Ингэж дасгаж байгаад бүгд нэмэх нь гэж иргэд бухимдаж байна. Ингээд л бүх бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадна даа. Хятадын ямхын онол манайд яг эсрэгээрээ хэрэгждэгийн жишээний нэг энэ. Хойшоо төө ухарч, урагш сөөм алхаж байгаа бид яаж хөгжил дэвшлийн барааг харах билээ. Энэ л цаг үед эх оронч сэтгэл, ард түмний эв нэгдэл юу юунаас чухал боллоо. Олон нийтийн хэлэлцэж буйгаар ийм байдалд хүргэсэн буруутнаар зарим нэг хүмүүсийг тодорхойлж байгаа бөгөөд хандивын аянд хамгийн түрүүнд хамрагдах ёстой нь оффшорчид болон олигархиуд гэж үзэж байгаа юм.
Төрийг халаасаа зузаалах, хангалуун амьдрах хүсэл биелүүлэгч бирд мэт зөвхөн амин хувьдаа ашиглаж яваа олон айл өрхийг энэ аянд эргэлт буцалтгүйгээр нэгдэхийг эх орончид уриалан дуудаж байгаа. Уг нь төр бол нийтийн төлөө хүчин зүтгэгч бирд байх ёстой ч нэгэнтээ авралгүй болсон эх орондоо бид өөрсдөө тусламжийн гараа сунгаж гэмээнэ хамтын хүчээр өндийлгөх боломж буй. Мэдээж үүнд уул уурхайн салбарынхны итгэл сэтгэл хамгийн том түшиг болох нь дамжиггүй гэдгийг дурьдах нь зүйтэй.
Ард түмнийхээ хандив, дэмжлэгээр эдийн засгийн хямралаас гарч байсан дэлхийн улс орнууд олон байдаг. Жишээ нь, Америкийн 1929 оны хямралын үед Франклин Рузвельт Ерөнхийлөгч болмогцоо хямралыг давахын тулд ажлын өргөн фронт бий болгож ажилгүйдэл, ядуурлаас гарч байсан түүхтэй. Мөн Солонгосын бүх ард түмэн хямралыг даван туулж, улсаа сэргээн, бар улс хэвээр үлдэхийн тулд өөрт байгаа алт, монетон бөгж, гинж, ээмэг, зүүлт зэргээ хуримтлуулж улсынхаа сан хөмрөгийг нэмэгдүүлж байв. Эх орныхоо төлөө сэтгэл гаргаж байгаагаа нотлохын тулд солонгос эмэгтэйчүүд бусдаас урьтан улсын сан хөмрөгийн байрны гадна үүр цүүрээр очиж дугаарлан үнэт эдлэлээ тушааж байсан гэдэг.
Тэгвэл би ч бас алтан бөгжөө улсдаа хандивлая. Миний хөрөнгийн хэмжээ энэ. Харин та төрөөс олсон түмэн зоосноосоо, үнэт эдлэлээсээ, үй олон малаасаа тасдаж өгнө гэдэгт итгэж болох уу? Таны бэл хил дамнан буй.
Ямартай ч уриалгыг зарим түшээд, албан тушаалтнууд дэмжихээ илэрхийлж, эхнээсээ 20-100 сая төгрөг хандивласан гэж байгаа. Үүнд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, Ж.Батзандан нарын нэрс багтаж байна.
Ийнхүү бусдын гарыг харалгүй, хэрэгжих үгүй нь тодорхойгүй хэдэн төсөл хөтөлбөр хүлээлгүй улс орныхоо нэр хүндийг олон улсын хэмжээнд өөд татах, эдийн засгийн хүндрэлийг бүх нийтээрээ хамтдаа даван туулах зэргээр хойшид улам уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах цаг нь яг одоо болжээ. Энэ нь олон нийтэд тийм ч таатай шийдэл санагдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ сэтгэл зүрх нь эх орныхоо төлөө гэдэгт итгэж, сонгогч түмнээ хүндэтгэн,төрийн жолоог атгалцаж яваа тэр “мундаг”-чууд эдийн засгаа тулж босгож болохгүй гэх учир үгүй.
Гавъяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214 тэрбум 692 сая 889 мянган төгрөг цуглах гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн гэр бүл ам бүлийнхээ тоогоор мөнгөө үржүүлж хандивлана гэсэн үг. Эх орноо гэх ард түмний сэтгэлд өглөг өргөх байтугай ухамсар бий.
Тэгвэл 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20-100 сая төгрөг төлж хүндрэлийг үүрэлцэх ёстой гэж мөн үзсэн. Төрөөс төрсөн тэрбумтнууд гэж хэдийнэ нэрлэгдсэн цөөнгүй гэр бүл энэ далимыг ашиглаж “хуссан хэдээсээ” хумсын чинээг ч болтугай хандив нэрийн дор улсдаа тушааж, “сайн хүн” болж харагдаж болно.
Монгол Улсдаа Бид алтан гоёлоо өгье, Та нар монетон хос, эрдэнэсээ бэлэглээрэй. Бид үсрэнгүй хөгжиж чадахгүй юм аа гэхэд ямхын онолыг эсрэгээр нь бус эерэгээр нь ашиглан урагшлах хэрэгтэй байна.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ