Танилц: Өчигдөр батлагдсан хууль, тогтоолын төслүүд

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, хуулийн төсөл дэх цагдаагийн цолны талаархи зохицуулалтуудын талаар тодруулсан юм. Харин хэлэлцэж буй хуулийн төсөлд “цолны цалин” хэмээн шинэ нэр томьёо хэрэглэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн цалин, урамшуулалтай холбоотой зохицуулалттай зөрчилдөж байгаа эсэхийг асуув. Цагдаагийн албан хаагчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг, эрсдэл өндөртэй байдаг учир Хөдөлмөрийн тухай хууль дахь цалингийн урамшуулал үндсэн цалингийн 40 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтад хамааруулахгүй байх нь зөв. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ төрлийн зохицуулалтыг оруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хэллээ. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж дууссаны дараа Хууль зүйн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд гишүүд саналуудтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ийнхүү Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүд 93.9 хувийн саналаар дэмжин, баталсан юм. Мөн дагалдах хуулиудыг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжив.

Харин Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газрын тусгай сангийн нэг төрөл болох Байгаль хамгаалах сангийн нэр Байгаль орчин, уур амьсгалын сан болж өөрчлөгдөх юм байна. Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн зохих хувийг бүрдүүлэх боломж бүрдэхийн сацуу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохдоо ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу тухайн зээл олгогдох төслийг сонгон шалгаруулах эрх зүйн зохицуулалттай болохыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүд 73.5 хувийн саналаар дэмжсэн бөгөөд холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах саналыг мөн дэмжлээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг батлав

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийгхийж, хуулийн төсөл болон тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийг хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болж, зөвлөлдөх ардчиллыг олон улсын туршлагын дагуу хөгжүүлэх нэг чухал алхам болох юм. Мөн иргэдийн улс төрийн эрхээ хэрэгжүүлэх, механизм тодорхой болж, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, улс, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоог дэмжих ажээ. Хууль тогтоох, гүйцэтгэх болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа нь хууль зүйн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг хангахад чухал түлхэц үзүүлэх юм байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хийлээ. Тогтоолын төслийн агуулга, бодлого, зарчим алдагдуулахгүйгээр тогтоолын төслийн нэрийг өөрчлөн, үүнтэй холбоотойгоор техникийн болон найруулгын шинжтэй өөрчлөлтийг хийж эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна. Байнгын хорооны саналаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 66 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслүүдийг батлав

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Ингээд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батласан юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхэд зарчмын зөрүүтэй санал гараагүй. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

  1. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан

  2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  3. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  4. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

  5. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

  6. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  7. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  8. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  9. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

  10. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  11. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  12. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

  14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

  15. Казиногийн тухай хуулийн төсөл

  16. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  17. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  18. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  19. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

  20. Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл

  21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

  22. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  23. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  24. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

  25. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

  26. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

  27. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  28. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

  29. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

  30. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

  31. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

  32. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

  33. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

  34. Бусад

  1. Ингээд УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Хуулийн төслүүдийг баталлаа

Хуралдааны төгсгөлд Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжив. Үүний дараа Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Дараа нь Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь дэмжлээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ