Охидын шигшээ баг Хонгконг улсыг зорьлоо

Монголын улсын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг анхныхаа олон улсын тэмцээнд оролцоохоор өчигдөр хилийн дээс алхлаа.

Байгуулагдаад жил ч болоогүй Монголын эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг Хонгконг улсын “Жокэй” клубийн нэрэмжит тэмцээнд оролцохоор эх орноосоо мордож байгаа юм. Тус тэмцээнд Монгол, Хонгконг, Тайланд, Лаос гэсэн дөрвөн улсын 14 хүртэлх насны охидын шигшээ баг оролцож, энэ сарын 13-нд аваргуудаа тодруулна.

Манай охидын шигшээ эхний тоглолтоо Тайландын багтай маргааш, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Хонгконгийн шигшээ багтай 13-ны өдөр хийснээр тэмцээнээ өндөрлүүлэх юм. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар охидын шигшээ багийн тоглогчид болон албаны хүмүүстэй уулзаж, үдэж өгсөн юм. Охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллаж байгаа. Олон олон зүйлийн анхдагч болж байгаа 14 хүртэлх насны охидын шигшээ багтаа Монголын ард түмний өмнөөс амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ