Улсын начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нарт хариуцлага тооцлоо

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж допингийн шинжилгээний асуудлыг шийдвэрлэлээ. Энэхүү хуралдаанаар өнгөрсөн жилийн баяр наадмаар шинээр Улсын начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нарт хариуцлага хүлээлгэв.

Учир нь Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар тав давж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад Б.Баатарцол, Б.Ганзориг нараас хориотой эмийн бодис илэрсэн билээ. Тодруулбал, БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораториос 2016 оны 8-р сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын “А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтанд багтах бодис илэрч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгдсэн байдаг.

Улмаар лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь хүргүүлсэн аж.

Үндэсний бөхийн холбоо болон дээрхи 2 бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид 2016 оны 8-р сарын 29-ний өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 11-нд ирсэн “В” сорьцын шинжилгээний хариу нь “А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарчээ.

Энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Үндэсний бөхийн холбоонд хугацаанд нь албан ёсоор мэдэгдсэн байна.

"WADA"-гаас өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 1-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум илэрвэл цагаатгах болсон. Тэгвэл Баян-Өлгий аймгийн уугуул Б.Баатарцол мельдониум хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд түүний барилдах эрхийг нэг жилээр хассан бол, Увс аймгийн уугуул Б.Ганзоригийн цолыг хураах шийдвэр гаргажээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ