Эцэг хийгээд их хүмүүний тухай гэгээн дурсамж

Жил бүрийн 2-р сар нэг л хүнийг хамгийн ихээр санан бодож, дурсамж руугаа эргэн харах мөчүүдийг авчирдаг юм. Энэ бол аавын минь мэндэлсэн хоёрдугаар сарын аравны гэрэлт өдөр билээ. Хэн нэгэнд эх оронч хэн нэгэнд яруу найрагч хэн нэгэнд багш хэн нэгэнд шавь хэн нэгэнд анд нөхөр хэн нэгэнд ах хэн нэгэнд дүү хэн нэгэнд хамгийн хайртай эр хүн нь болох миний эцэг, бидний хайрт аавын мэндэлсний 60 насны ой энэ жил тохиож байна. Жил бүр аавынхаа төрсөн өдөрт зориулж дурсамж бичих нь энэ амьдралын хамгийн гэгээн үе болох аав ээжтэйгээ хамт байсан хүүхэд ахуй насаа дурсан санах хийгээд аавынхаа дэргэд байгаа эсвэл аавыгаа алдсан нөгөө хэсэгт бага ч болов эцэг үрийн элбэрэл, хайрыг бодож энэ насанд буян үйлдэх ёстойг ухааруулан сануулах гэж бичдэг билээ.
Өнөөдөр шинийн 15-ны билэгт сайн өдөр аавын минь мэндэлсэн өдөртэй давхцаж байна. Юм болгоныг бэлгэшээж утга санааны гүнд нэвтэрч чаддаг та минь энэ хорвоод ирээд буцахдаа бурханы ариун элч гэдгээ харуулж олон сайн сайхан үйлийг бүтээж үр хүүхэд болсон бид нар тэр замаар тань таныхаа үлдээсэн сэтгэлийн гэрэл гэгээнд хайр энэрлээр дүүрэн амьдарч байна. Бид гэдгийн учир аавын минь зүрх сэтгэл тэнүүн тал шигээ уужим агаад хэсэгхэн хүнийг бус бүх л ард түмнээ сэтгэлдээ хайрлаж ядарсан хөгшнийг ч аав ээж шигээ асарч, нялх өнчнийг өөрийн үрээс илүү энэрч, ширхэг чулууг ч эх орон минь гэж хайрлаж чаддаг тэр агуу их сэтгэлд нь бид бүгд багтаж байсан юм. Тиймдээ ч аав минь “Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном” гэж бичсэн биз ээ.
Нарны илч дулаан ч сэтгэлийн илч түүнээс дулаан гэдгийг бага наснаас минь ойлгуулж хаа явсан газар бүртээ бусдад сайн сайхан үг хэлж, чадал байвал туслаж чадахгүй бол үгийн муу, үйлдлийн бурууг хэнд ч бүү үйлд гэдгийг их заадагсан. Аавын хувьд тэрээр мөнх бус энэ ертөнцийн хэрэггүй үймээн шуугиан, идээд ханадаггүй сэтгэл аваад бардаггүй шуналт зальхай сэтгэлтнүүдийг эцэстээ хэн ч бай хүмүүний энэ ертөнцөөс гар хоосон буцна гэдгийг үргэлж сануулж бусдын төлөө зүрх сэтгэлээ хэн өгч чадна тэр эцэстээ ялдаг гэдгийг өөрийн бие сэтгэлээр үлгэрлэж чадсан билээ. Бусдын нүдэнд эрэлхэг харагддаг аав минь харин охиныхоо зүрх сэтгэлд өчүүхэн зүйлд ч чин сэтгэлээсээ хандаж баярлаж, хүүхэд мэт хөөрч чаддаг, цас бороо ороход хачин их баярлаж бас гуниж чаддаг тэр дүр зургийг үлдээжээ. Ааваас минь тэр гэж хэлэхийн аргагүй өвөрмөц, сэтгэлд дулаахан үнэр үнэртдэгсэн. Дуу хоолой аядуу зөөлөн бөгөөд охиноо Индүүш, Дуня, Дра Дра гэж их л олон хоч өгч энхрийлэн дуудна. Хөдөө явахад хамгийн түрүүнд аавын халуун гар, юм бүхнээс хамгаалсан сэтгэлийх нь илрэл гэмээр тэврэлтийг мэдэрдэгсэн. Харин одоо өөрөө эх хүн болж үхтэл үр харам гэдэг тэр их хайрыг мэдэрч үрсээ хөтлөөд хорвоог туулж явна даа... Нэгэн удаа 1992 оны үеэр аав 281-ийн холбоог байгуулж ид завгүй байх үед би гэдэг хүн цэцэрлэгээ тараад гэр ойрхон тул ганцаараа дур мэдэн харьж яваад гэртээ оролгүй харин дээд давхарт байх хөгжмийн зохиолч Сансар ахын охин Гандирсан найзындаа орж хүүхэлдэйн кино үзээд ухаангүй суучихсан юм. Тэр хооронд аав ээж минь хайж эрэл сураг болж аавын арга барагдаад номоор мэргэлсэн гэдэг. Номын хуудсыг эргүүлж шивших байдлаар асуусанд тун онцгүй өгүүлбэр таарсанд аав минь их л бухимдаж ээжид энэ номыг хая гэсэн гэдэг. Түүнээс хойш аав минь надад санаа зовж манай хөрш байсан Маршал Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү Аюуш гуайгаас амжихгүй үедээ намайг цэцэрлэгээс авч өгч байгаач хэмээн гуйсан юм. Аюуш гуай ч надад өвөө шиг минь хандаж дахиж би аав ээжийгээ сандаргах зүйл хийгээгүй. Эцэг хүний хайр гэдэг ийм л агуу, дараа дурсаж ярихад аав цаг үе, ажлаас нь шалтгаалаад огт сайн зүйл санаанд нь орж ирэхгүй ядахдаа тэр ном их муу өгүүлбэр гарч ирсэнд ихэд санаа зовж байсан тухай хэлж билээ. Эцэг хүний хайр гэдэг үрийнхээ өмнөөс зовж, араас нь залбирч, дэргэдээс нь түшиж чаддаг нь энэ буюу.
Учир иймээс аав ээжийгээ амьд ахуй үед санаа сэтгэлийг нь чилээлгүй бусдыг хайрлаж энэрч чадах хүн болсон гэдгээ л үргэлж харуулж яваарай. Тэдэнд мөнгө эрх мэдэлтэй бус хүн чанар, бусдыг гэх сэтгэлтэй хүүхдээ харахаас илүү аз жаргал, бахархал үгүй билээ. Ижий, аавыгаа дурсан санах бүртээ бусдад буянтай яваарай. Үдлээд буцах хорвоод үр үндсээ үлдээнэ гэдэг их хувь тавилан, ерөөл учрал билээ.
Ачит аав таныхаа энэ хорвоод мэндэлсний 60 насны ойг тохиолдуулан охин нь сэтгэлийн үгээр зул өргөж таны итгэж үлдээсэн гар бичмэл бүтээлүүдийг эмхэтгэн гаргаж ард түмэнд хүргэхийн төлөө ажиллахаа, мөн түүнчлэн оюун санааны их үйлийн төлөө тасралтгүйгээр, бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээр зүтгэж яваагаа үргэлжлүүлэхээ амлая. Охин тань эрдэм ном, энэрэх сэтгэлийг бүхний түрүүнд барьж явах болно. Сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай!
2017-02-10
Д. Индра
СЭТГЭГДЭЛ БИЧИХ