Гэр бүлийн баяр өнөөдөр үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Өвлийн наадам өнөөдөр /2017.02.12/ дахин үргэлжилнэ. Энэ жилийн өвлийн наадмыг “Гэр бүлийн баяр” нэртэйгээр зохион байгуулж байгаа. Тиймээс арга хэмжээ хөтөлбөрүүд бүгд гэр бүл рүү чиглэсэн байх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн. Мөн наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж, сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй гэр бүлийн өдөр арга хэмжээ нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан асрыг бэлтгэж, тэдэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалах боломжийг олгожээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлчүүд та бүхнийхээ амралтын өдрүүдэд зориулж “Улаанбаатар өвлийн наадам-2017” гэр бүлийн цасны баярыг зохион байгуулж байна. Энэ наадам нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний уламжлалт цас, мөсний наадгай тоглоомыг сурталчлан таниулах, гадаадын иргэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Улаанбаатарын өвлийн наадмыг цаашид өргөжүүлж дэлхийн сэрүүн бүсийн томоохон хотуудын өвлийн наадамтай дүйцэхүйц хэмжээний болгохоор зорьж байгаа юм. Наадмын маань нэг онцлог нь үндэсний онцлогийг харуулсан байгаа.
Өвлийн улиралд Монголчууд ямар спортоор хичээллэж, хөгжүүлж ирсэн бэ гэдгийг харуулахаар зорьсон. Үүнээс гадна бид ирж байгаа иргэд, жуулчидыг үндэсний хувцасаараа гоёж ирэхийг уриалж байгаа” гэдгийг өчигдөр болсон нээлтийн үеэр онцолж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ