Канадад монгол иргэнийг буудаж хөнөөсөн хэргийн сэжигтэнийг саатуулжээ

Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг ээлжит "Мэдээллийн цаг" уулзалт боллоо. Уулзалтын үеэр гадаадын найман улсад манай 32 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 14 улсад нийт 168 монгол иргэн ял эдэлж байгааг тус яамны Консулын газрын захирал Я.Ариунболд онцоллоо.
Мөн энэ үеэр өнгөрсөн баасан гаригт Солонгос улсад ажиллаж байсан монгол иргэн тус улсын иргэнийг хөнөөсөн гэх мэдээлэл цахим ерөнцөд нэлээд шуугиан тарьсан. Гэхдээ энэ нь худал мэдээлэл байсныг Я.Ариунболд онцоллоо. Харин хоёрдугаар сарын 10-нд гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын хоёр иргэн архи ууж, муудалцсанаас болж нэгийгээ хөнөөсөн аж. Уг хэргийг тус улсын хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тэдгээр иргэд Солонгос улсад Ёндог хэмээх газар ажиллаж байжээ.
Түүнээс гадна Канадад буудуулж нас барсан иргэний талаар Консулын газрын захирал Я.Ариунболд "Хүн амины хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй хэлж, ярьж болохгүй. Гадаад улсад Монгол Улсын нэр хүнд яригдана. Мөн Монгол иргэдэд тухайн улсад зорчих визний шаардлага улам хатуу болох хандлагатай байдаг. Канад улсад буудуулж нас барсан иргэн Б.И-гийн хэргийг тухайн улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Нэг сэжигтэнийг барьсан мэдээлэл бидэнд ирсэн. Уг хэрэг хар тамхитай холбоотой байж магадгүй гэсэн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ