Тэтгэвэр, тэтгэмжээ гурван сараар урьдчилан авах боломжтой

Орлого багатай, тэтгэвэр, тэтгэмжээрээ амьдралаа залгуулдаг ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсан иргэдэд эдийн засгийн хүндрэл нэлээд дарамт болж буй. Тэгвэл тэдний ачааг бага боловч хөнгөлөх шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гаргажээ.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэрбээр ийм шийдвэр гаргасан бөгөөд ирэх сарын 1-нээс тэжээгчээ болон хөдөлмөрийн чадвараа алдсан, мөн тахир дутуугийн тэтгэвэр авагч 100 гаруй мянган иргэн гурав хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгааг ямар нэгэн хураамж, хүү шимтгэлгүйгээр авах боломжтой болсон байна.
Тэтгэврээ урьдчилан авах иргэд өмнө нь түүнийгээ барьцаалсан зээл аваагүй байх шалгуур хангах ёстой аж. Тэтгэврийн урьдчилгаа авах хүсэлтээ харьяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ