ОУВС Монголд 440 сая ам.долларын зээл олгохоор боллоо

ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанкнаас Төрийн ордонд хамтарсан мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.

Өнгөрөгч пүрэв гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлаар ээлжит бусаар хуралдаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн.

Тэгвэл өнөөдөр уг асуудалтай Засгийн газрын гишүүд ээлжит бус хурал зарлаж танилцсан бөгөөд хэлэлцээрийн үр дүнгийн талаар ийнхүү мэдээлэл өгч байна.

Монгол Улсын Засгийн газар болон олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухайд дараахмэдэгдлийг хийлээ.

ОУВС Монгол Улсыг "Extended facility fund"хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болжээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удаашир, төсөв төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.

Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон улсын валютын сантай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж байгааг онцоллоо.

ОУВС-тай энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ