УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдана

Монгол Улсын засгийн газар, ОУВС-гийн хооронд зургаан сар үргэлжлэн явагдсан хэлэлцээрийн хүрээнд “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай уг асуудлаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжихээс өмнө 2017 оны төсөвт тодотгол оруулах, Банкны салбарт үнэлгээ хийгдэх, Монголбанкин дээр байсан төсөвтэй адилтгах санхүүжилтийг зогсоох гурван үндсэн шаардлага бий. ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр энэ хөтөлбөр батлагдах учиртай. Бидний тооцоолж буйгаар ирэх гуравдугаар сар уг шийдвэр гарах юм” хэмээн өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.
ОУВС-гаас тавьж буй шаардлагын дагуусар шинийн баяр өнгөрсний дараа буюу гуравдугаар сарын эхээр ээлжит бус чуулган зарлагдана гэдгийг холбогдох албаныхан тодотгож байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2017 оны төсөвт тус сангаас тавьсан шаардлагуудын дагуу тодотгол хийхээр төлөвлөгдөж байгаа юм. Тодруулбал, төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татварыг нэмэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн чигтэй байна.
Сангийн яамны зүгээс ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголд хийх хувилбарыг оруулахаар бэлтгэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ