“G-time” сүлжээний хохирогчид цагдаад хандахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Казахстан улсын Засгийн газрын “Ядуурлыг бууруулах төсөл” гэх нэрээр иргэдийг төөрөгдүүлж байсан “G-time” сүлжээний захирал Ж.Маратад Улсын мөрдөн байцаах газрынхан хилийн хориг тавин шалгаж байна.
Зарим эх сурвалж түүнийг сулласан гэж мэдээлж байгаа ч цагдаагийн байгууллагынхан үүнийг үгүйсгэсэн бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Монгол Улсын иргэдийг хуулиар хориотой санхүүгийн пирамидын аргаар луйвардсан “G-time”-ийн сүлжээний ажилчид одоо ч иргэдийг хууран мэхэлсээр байна.
Тэд Ж.Маратыгг баривчилсны дараа “Манай сүлжээ таван төрлийн багцтай. Хохирсон гээд байгаа хүмүүс анх орохдоо бага мөнгө төлж орсон. Тэгээд ч тэд ажлаа сайн хийгээгүй л байхгүй юу” гэх зэргээр сошиалаар мэдээллээ түгээсээр байна.
Тиймээс хууль хяналтын байгууллагынхан хохирогчдын тоо нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлж байна. Мөн тус сүлжээнд элсч, мөнгөө алдсан иргэдийг цагдаагийн байгууллагад хандахыг уриаллаа.
Ингэхдээ өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, уг сүлжээнд элсэх үедээ бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас зэргийг Улсын мөрдөн байцаах газарт авч очих юм байна. Түүнчлэн сүлжээнд элсэх үедээ төлсөн мөнгөний баримт болон авсан урамшуулалтай холбоотой баримтыг бүрдүүлж очих шаардлагатай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ