Азийн өвлийн наадам нээлтээ хийлээ


Японы Саппоро хотод Азийн өвлийн спортын наадам өчигдөр нээлтээ хийлээ. Найм дахь удаагийн наадамд 32 орны нийт 1200 тамирчин оролцож байна. Энэ нь тус наадамд өмнө нь байгаагүй өргөн бүрэлдэхүүн гэдгээрээ онцлогтой. Азийн өвлийн спортын наадмын нээлтийн ёслол Саппоро хотын бахархал болсон “Саппоро Дом” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Ёслолын эхэнд Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч Шэйх Ахмад хүрэлцэн ирж, тус наадмыг нээж үг хэллээ. Тэрээр “Азийн олимпийн зөвлөл Саппоро хотыг өвлийн наадмын “гэр” гэж үздэг. Энэ наадам гэртээ эргэж ирсэнд баяртай байна. Та бүхний дэмжлэгт маш их баяртай байна” гэв. Азийн өвлийн наадмын галт бамбарыг “Нагано-1998” олимпийн наадмын аварга Масихико Харада асаасан бөгөөд “Нагано-1998” олимпийн наадмын мөнгөн медальт Х.Шимизү тэргүүтэй тэшүүрийн дөрвөн тамирчин түүнд бамбар залж авчирсан юм. Тамирчдын жагсаалаар эхэлсэн нээлтийн ёслол Японы соёлын онцлог, шинэ үеийн эрч хүчийг харуулсан хөгжим, бүжгийн үзүүлбэрээр үргэлжилж, наадмын сүлд дууг Японы алдарт “Dreams Come True” хамтлаг дууллаа. Ийнхүү Японы Саппоро хотод Азийн шилдгүүд таван спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө долоо хоног өрсөлдөх юм. Манай улсын хувьд тус наадамд 42 тамирчин оролцох бөгөөд наадмын нээлтэнд биатлоны тамирчин Э.Бархүү Монгол Улсын тугийг залсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ