Хаврын морин уралдааныг эсэргүүцэв
Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл хурдан морины хаврын уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийллээ.
Хурдан морины хаврын “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулдаг хэдий ч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.
Гэтэл 2016 оны гуравдугаар сарын 2-нд хаврын уралдаан зохион байгуулах сураг дуулдах болсон тул энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид байр сууриа илэрхийлж, эсэргүүцэж буйгаа тайлбарлав.
Тэд ярихдаа “Хаврын уралдааны бэлтгэл өвөл хийгддэг. Хүүхдүүд өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож байж, хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлсөөр байна.
Сүүлийн таван жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна.Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэхдээ өвөл, хаврын уралдааныг зогсоох нь зүйтэй” хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ