МАН " ОУВС гэх том малгай" өмсөөд бултчихвуу?

Олон улсын валютын сан гэх авралын баг зүүгсэд ирнэ, ирэхгүй, очино очихгүй хэмээн тунирхаж байгаад Ардын намынханы гуйлгаар манай улсад тусламж үзүүлэх, сөхөрсөн эдийн засгийг нь ядаж таяг тулуулахаар болов. Ардын намынхан баярлаж байна гэж жигтэйхэн. Юм үзээгүйдээ биш идэх уух юмтай болсондоо л баярлацгааж байгаа юм цаадуул чинь гэж зарим нэг нь барим тавим дүгнэж байна. Үүнийг тэрлэгч миний бие тэдгээр дүгнэгсэдийг даган дуурайгаагүй ч сэтгэлдээ бол битүүхэн эргэлзээтэй хүлээн зөвшөөрмөөр аядаад учираа олохгүй л сууж байна.

Эдийн засгийг сэргээх гэж зээл, тусламж авч байгаа бол татвар хураамж нэмээд байгаа нь ямар учиртай юм бол. Мөнгөгүй гэж мөнгө авчихаад ард түмнийхээ халааснаас бүүр их мөнгө нэмж авах гээд байгаа нь тэнэг хүний ч гайхшийг бараад байна.

Ардын нам УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө “Бид хамтдаа Иргэдээ ядууралаас аварч, Эдийн засгаа хямралаас гаргаж, Эх орноо өрнөөс салгаж, Төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна” хэмээн уриалж байснаа мартаагүй байлтай.

Гэтэл жил ч болоогүй байтал энэ бүхнийхээ эсрэг үйл ажиллагааг гадны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. ОУВС хэмээх байгууллагыг урьсан цаад санаа нь ч одооноос илрээд эхлэв.

Татвар нэмэв. Бид нэмээгүй ээ. Улс орноо эдийн засгийн хямралаас гаргая, хамтран ажиллая гэтэл ОУВС-гаас заавал энэ төрлийн татвар нэм гээд шахаад байна, болсонгүй гэсэн матрын нулимстай тайлбар тавихад МАН-д ОУВС хэрэгтэй байж.

Ихээхэн хэмжээний зээл авна. Чингис бондоос гурав дахин их мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хэн нэгнийг өмнөө бамбай болгох зайлшгүй шаардлагатай. Тэр нь ОУВС-гийнхан болж таарав. Хятадаас, өөр хэн нэгнээс зээл авсан тохиолдолд намынхан дунд өрсөлдөөн ширүүсч, хардлага, сэрдлэг хэтийдэх тул хувиарлалтыг нууцаар, намын нэр хүнд халгаа болохгүйгээр хамтарч хийх халхавчаар ОУВС сонгосон нь удахгүй ил болж эхлэх биз гэсэн “шум” тарж эхлээд байна. Худал үнэн хоёрын дунд дөрвөн хуруу биш дөрвөн жилийн зайтай болсон манай улсад дээрх “шум”-ын хар цагаан нь удахгүй ялгарах биз.

Түүнээс гадна удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнд зарцуулах мөнгийг намын нэрийн өмнөөс сайд болсон эрхэмүүд босгох үүрэг хүлээсэн байх магадлал өндөр. Сангийн сайд Чойжоо компаниасаа сонгуульд зориулаад мөнгө гаргах нь юу л бол. Харин дэл сул мөнгийг хэн нэгнээс олох сүйхээ бол түүнд бий. Тиймдээ ч тэр Сангийн сайд болсон гэх юм билээ. Худал биш бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бялууны хамгийн амттай хэсэг түүний өмнө таваглагдах магадлал өндөр.

Түүнээс гадна энэхүү зээл тусламж авах асуудлыг яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө авахаар МАНулайрна вэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа.” хэмээн саяхан мэдэгдэж байсан. Гэтэл одоо ОУВС-ын тусламжгүйгээр төлөх боломжгүй гээд сууж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Хэлсэн үгэндээ ороогдсон МАН-ыхан ОУВС гэх том малгай өмсөөд өөрсдөө буруугүй ОУВС-гийнхан буруутай гэсэн халхавч бариад дараагийн дөрвөн жилд дахиад ард түмнийг мунхруулах их аяндаа одооноос мордоод эхэллээ.

Оффширчидыг хамгаалж, өөрсдөө идээд цадахгүй тавагтай “өрөм” өмнөө тавьсан МАН-хан ОУВС гэх “найз”-тай болсон нь сайныдохио юу муугийн ёр уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз. Цаг хугацаа гэдэг усны хаялга сайн мууг ялгалгүй эрэг дээрээ хаялдаг нь үнэн. Эрт үү, орой юу гэдэг л байна.

А.Очбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ